“D.Parliament” цахим платформыг санаачилсан Б.Өлзийбаттай ярилцлаа. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-ын удирдах зөвлөлд өгчээ. Мөн тэр АН, ХҮН зэрэг бусад намын залуучуудыг сонгуульд нэр дэвшихийг уриалсан юм. 

-Та 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр МАН-ын удирдах зөвлөлд хүсэлтээ өгсөн гэсэн. Яагаад нэр дэвшихээр шийдэв?

-Аливаа улс орны өөрчлөлт шинэчлэлтэд залуу үе заавал байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн парламентын гишүүн болж болно гэж заасан байдаг. Парламент гэдэг нь хууль тогтоох дээд байгууллага буюу Монгол Улсын 3.5 сая иргэний өдөр тутамдаа мөрдөх дүрэм журмыг шийддэг гол байгууллага. Энэ хууль тогтоох дээд байгууллага дотор залуучууд бид өөрсдөө орж байж, нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг шийдэж, хийхийг хүсэж буйгаа хийнэ. 

Нөгөө талаас манай улсын нийт хүн амын 70 хувийг 0-39 насныхан, 51 хувийг 18-39 насны залуучууд эзэлж байна. Энэ нь манай улс парламентын ардчиллыг сонгосноос хойш түүхэндээ анх удаа залуучууд сонгууль өгөх насны иргэдийн дийлэх хувийг эзэлж буй тохиолдол. Аливаа үйл явцад оролцоход залуучууд 50+1 буюу үргэлж олонх байх боломж энэ удаагийн УИХ-ын сонгуулийн цаг үед таарч байгаа юм.

Өмнө нь аав ээж, эмээ өвөөгөөрөө ирээдүйгээ сонгуулдаг байсан бол одоо залуучууд бид өөрсдөө сонголтоо хийж, ирээдүйн нийгмээ тодорхойлох боломж нээгдэж байна.

Бид шүүмжлэхээс илүү өөрсдөө дотор нь орж, шийдвэр гаргах түвшинд оролцож байж л аливаа асуудлыг шийднэ. Тиймээс би Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд нэр дэвших хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан. 

-Та өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийж, залуучуудыг улс төрд оролцохыг уриалсан. Мөн улс төрийн намуудаас ч залуу үеэ дэмжиж, нэр дэвшүүлэхийг уриалж байна лээ?

-Парламентын засаглалтай улсад ардчилсан сонгууль гэж зүйл байдгаараа дарангуйлагч нийгмээс өөр. Ийм ч учраас Хөгжлийн банкны, нүүрсний хулгай зэргээс болж залуучууд төв талбай дээр 10 мянгаараа жагссан. Үүний үр дүн тодорхой хэмжээнд гарсан ч бүрэн гүйцэд биш. Залуучууд ийм олноороо жагссанаас би юуг олж харсан бэ гэхээр, бид нэгнээ дэмжиж, шийдвэр гаргах түвшинд оролцож чадах юм байна.

Нөгөө талаас манай залуучууд улс төр, нийгэм эдийн засгийн бүхий л нөлөөлөлд оролцдог ч шийдвэр гаргах түвшинд төдийлөн зориглохгүй байна. Энэ нь залуучуудаас болж байна гэхээс илүүтэй 30 гаруй жил үе дамжиж ирсэн олигархиудаас болж байгаа юм. Тэдний гар хөл болсон хүмүүс, эсхүл олон жил санхүүжүүлсэн хүмүүс нь төрд гардаг нь залуучуудыг эрх мэдэлгүй, мөнгөгүй бол улс төрд орох боломжгүй гэж гомдоллодог байр сууринд байлгаж ирсэн.

Энэ удаад улсын хэмжээнд байгуулагдсан бүх хэсгийн хороо, сонгуулийн төвүүдэд сонгууль өгөх насныхан дандаа бидний үеийнхэн байна. Залуус нэгдэж, үеийнхээ төлөөллийг улс төрд оруулах боломж байна гэж хараад байгаа юм. Тиймээс үеийн залуучуудаа сонгуульд нэр дэвшихийг уриалсан. 

Нөгөө талаас ковид-19 цар тахлаас хойш дэлхий өмнө нь байгаагүйгээр цахимжсан. Манай улсын нийт хүн амын 87 хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байна. Иргэдийн дийлэнх УИХ-тай холбогдох цахим системээр буюу D-Parliament-ийг ашигладаг боллоо. Эл  платформд дөрвөн сарын хугацаанд 612 мянган хүн нэвтэрч, саналаа өгсөн байна. Үүний 480 мянга нь 18-39 насны залуучууд байгаа юм. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр залуучууд энэ удаад бодитоор парламентын сонгуулийг ашиглаж, өөрсдийнхөө хүсэж байгаа нийгмийн өөрчлөлтийг хийх боломж байна.

Энэ удаагийн сонгуульд залуучууд олноороо ялахгүй байж болох ч 2028 оны сонгуульд олон залуус гарч ирэх боломжийг энэ удаагийн сонгуулиар нээнэ.

-Сонгууль бүрээр залуучуудын оролцоо бага байдаг. Тиймээс ч тэдний оролцоог нэмэгдүүлэх ажлууд сүүлийн жилүүдэд хийгддэг болсон. Гэвч залуучуудын оролцоо хангалтгүй хэмжээнд байсаар байна. Таны ярьж байгаагаар сонгууль өгөх насны иргэдийн 51 хувь нь 18-39 насныхан. Эндээс хичнээн нь санал өгөх магадлалтай гэж тооцоолж байна вэ. Мөн тэдний сонгогчийн боловсрол ямар түвшинд байгаа бол?

-Нэг жилийн хугацаанд 11 аймаг, 58 сумын 20 орчим мянган хүнтэй уулзахад иргэд, тэр дундаа залуучуудын дунд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тухай институтийн мэдлэгийг 10 хүн тутмын дөрөв нь мэддэггүй гэх тооцоо гарсан. Энэ нь иргэд нийгмийг шүүмжилдэг ч аль институт нь бидний хүсэж байгаа зүйлийг бий болгодог эрх мэдэлтэй вэ гэдэг талаар ойлголт байхгүй гэсэн үг. 

Залуучуудын улс төрд оролцохгүй, сонирхохгүй байгаа шалтгааны нэг нь тэнд үеийнх нь хүн байхгүй. Энэ нь залуучууд улс төрийн талаар мэдлэгтэй байх ойлголтыг хумиж байна. 

Анхнаас нь залуучуудын төлөөллийг биш, өөрсдөөс нь ахмад хүмүүсийг нэр дэвшүүлчихээд “Залуучууд сонгууль өгдөггүй”, “Залуучууд сонгуульд идэвхгүй байдаг” гэж ярих нь өрөөсгөл. Тэдний сонгох сонголтыг өгөөгүй байж, “Залуучууд ийм шүү дээ” гэж дүгнэж болохгүй. 

Бусад оронд залуучуудыг улс төрд оролцоотой байлгахын тулд үеийнхнийг нь дэмжиж, оролцуулдаг. Жишээ нь, Ирланд, Япон, БНСУ байна. Би энд ялах тухай яриагүй шүү. Нэр дэвшиж байгаа залуучууд нь үеийнхэн болон дээд үеийнхнийг “Сонгуульд идэвхтэй оролцоорой. Бид хамтдаа өөрчлөлтийг хийнэ шүү” гэж уриалах нь нийгэмд маш зөв мессэж болдог.

-Монголд улс төрд бэлтгэгдсэн залуу боловсон хүчин ховор байна гэцгээдэг. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Парламентад олон жил суусан олигархиуд “Туршлагагүй учраас залуу хүн хэзээ ч парламентад орохгүй, 39 наснаас доош бол та нар хэзээ ч УИХ-ын гишүүн болохгүй” гэсэн хандлагатай байдаг. Үнэхээр тэгмээр байгаа бол үүнийгээ Үндсэн хуульд тусгачих хэрэгтэй. 

Дахин гаднын жишээ татъя. Японд сонгууль болоход 25, 26 настай залуучууд 400, 500 мянган нэр дэвшигч дундаас ялаад гараад ирж байна. АНУ-д 29 настай эмэгтэй хүн дөрвөн удаа сонгогдсон парламентын гишүүнийг ялсан. Өнөөдөр (өчигдөр) гэхэд Ирландад 37 настай залуу Ерөнхий сайд боллоо.

Нийгмийн олонх залуучууд байхад олон жил парламентад суусан хүмүүс “Бид туршлагатай” гээд суугаад байдгийг өөрчлөх ёстой.

Улс төрд залуу үеэ оруулж, туршлагыг нь хоёр талаасаа хуримтлуулж явахгүй бол туршлагатай, мөнгөтэй болсны дараа залуучуудыг парламентад оруулж ирнэ гэвэл хэцүү. 

Нийгмийн 30 хувийг бүрдүүлж байгаа 39-өөс дээш насныхан 70 хувийг нь бүрдүүлж байгаа залуу үеийнхний өмнөөс шийдвэр гаргаад яваад байвал өнөөдөр манай улсад тулгамдаж байгаа цахим шилжилт улам гацсаар байх болно. 

-Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор холимог тогтолцоогоор явагдана. Тойрог томсгож, 3-4 аймгийг нэгтгэсэн. Энэ нь олонд танигдаагүй, мөнгөгүй, залуу улстөрчдөд маш том сул тал болно гэж судлаачид хэлж байна. Та санал нийлж байна уу? 

-Энэ удаагийн сонгуульд улс төрийн намуудын удирдах зөвлөл, намын дарга нар маш том эрх мэдэлтэй оролцож байна. Учир нь жагсаалтаар 48 хүн орж ирнэ. Үүнд залуучуудыг багтааж, тэдэнд улс төрд оролцох боломжийг нь бий болгож өгөх хэрэгтэй. 

Харин тойргийн тухайд, парламентад суудалтай намууд тойргийг томсгохдоо “Энэ хэлбэр залуучуудад халтай шүү” гэдэг мессэж явуулсан. Залуучууд ч ийм буруу ойлголт авчихсан.  Тоо худлаа хэлдэггүй. Сонгууль бол тоо байдаг шүү дээ.

Судалгаагаар бүх тойрогт сонгогчдын 51 хувийг залуучууд бүрдүүлж байна. Жишээ нь, Баянхонгор, Өвөрхангай, Архангайн тойрог байна. Өмнө нь Баянхонгор дангаараа байхад тус аймгийн нийт сонгогчийн 51 хувь 18-39 насны залуучууд байсан. Гурван аймаг нийлээд, нийт сонгогчид нь 192 мянга болж байна. Үүний 98 мянга нь залуучууд. Тойрог томсгосон ч 51 хувийг нь залуус бүрдүүлсэн хэвээр байна гэсэн үг.

Үлдсэн 49 хувийг нь тэдний аав, ээж, ах, эгч бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр гэр бүлээрээ зөвлөлдөөд шийдвэр гаргах хэрэгтэй. Бидний аав, ээж өөрчлөлт шинэчлэлтэд дуртай. Тэд “Та нарын үе гарч ирээсэй”, “Одоо олигархиудаас залхаж байна” гэж байгаа нь залуучуудаа дэмжих магадлал өндөр байгааг харуулж байгаа юм. Залуучууд тоо бодож нэр дэвшвэл ялах магадлал байна. 

Залуучууд “Өвөө, эмээ нар бидний ирээдүйг шийдчихлээ” гэж ярьдаг байсан бол бид одоо өөрсдөө шийдэх бүрэн боломж байна.

Хөдөө орон нутгаар явахад олон хүн хэлж байна. “Залуучууд гарч ирвэл өөр болох гээд байна” гэж. Иргэдийн энэ хүслийг улс төрийнхөн мэдчихээд, залуу үеийн салхи оруулна гэх болсон. Гэхдээ тэд шинэ, залуу үе биш, өөрийнх нь сонгуулийн ажилд олон жил явсан, төрийн өмчийн даргаар олон жил ажилласан, мөнгөтэй хүнийг энэ “Шинэ хүн шүү” гээд сонголтгүй сонгууль бий болгочихдог. Үүнийг сайн анзаарах хэрэгтэй.

Цаашдаа том тойргоор явах нь парламентын засаглалын хувьд маш зөв. Энэ удаагийн сонгуулиар цөөхөн залуу гарч ирж магадгүй. 2028, 2032 онд бол хүссэн хүсээгүй нийт сонгогчийн 80 хувийг залуучууд эзэлчих учраас үүнд санаа зовохгүй байна.

-Та “УИХ-ын гишүүд технологийн дэвшил, инновацын тал дээр хойрго хандаж байна. Та нар хоцрогдчихсон” гэж ярьж байсан. Энэ тухайгаа тодруулбал?

-Мэдээж би УИХ-ын гишүүдийг шүүх эрхгүй. Монголын ард түмэн дөрвөн жилийн өмнө сонгосон хүмүүс шүү дээ. Гэхдээ одоо байгаа 76 гишүүн дотор 39-өөс доош насны хоёрхон хүн бий. 76 гишүүний 15 орчим нь л IT-гийн мэдлэгтэй гэж бодож байна. Миний бие хамгийн анх Цахим парламент, инновацын газрын даргаар ажиллаад D-Parliament, E-Petition системүүдийг нэвтрүүлсэн.

Сүүлийн 30-аад жил хууль тогтоох процесст иргэдийн шууд оролцох боломжийг сонгуулиар л ашигладаг байсан бол одоо өдөр тутамдаа оролцох боломжийг бий болгосон. Өнөөдөр энэ системийг Монгол Улсын 958 мянган иргэн хэрэглэж байна. Товчхондоо технологи гадарладаг, технологи нэвтрүүлж чадах хүмүүсийг УИХ-ын гишүүнээр сонгоё гэдэг үүднээс дээрх үгийг хэлсэн юм. 

-Ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Та залуучуудад хандаж юу хэлмээр байна вэ?

-Аливаа улс орны ирээдүй залуучууд дээр л байдаг. Би 34 настай. Хоёр хүүхэдтэй аав хүн. Эхнэр маань эмч. Бид хоёр төсвийн цалингаар амьдардаг. Хэрэв цаашид шийдвэр гаргах түвшний хүмүүс энэ хэвээр ажилласаар байвал манай гэр бүл 2, 3 жилийн дараа гадагшаа явахаас өөр аргагүй нийгэмд амьдарч байна. Харин энэ бүхнийг өөрчилье гэвэл парламентын талаар ярихаас өөр гарцгүй. 

Ирэх жилүүдэд харамсахгүйгээр амьдрах боломж энэ удаагийн сонгуулиар гарч байна. Тийм учраас залуучууд бид олноороо саналаа өгөх хэрэгтэй. Мөн айж, эмээхгүйгээр нэр дэвшээрэй. Туршлагыг хүн ажлын явцад л олж авдаг.

Залуус бид зориглож, шийдвэр гаргах түвшинд оролцохгүй бол 20 жилийн туршлагатай хүмүүс үргэлжлүүлэн төр барьсаар, идсээр байх болно. Бид “нүүрсний”, “Хөгжлийн банк”-ны хулгайн дараагийн хувилбарыг ярьсаар 2028 онтой золгоно.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                 

 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу