БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д хийсэн гурван өдрийн төрийн айлчлалаа дуусгавар болгосон. Хоёр улсын удирдагчид стратегийн хамтын ажиллагааны тухай болон эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хоёр мэдэгдэлд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл тэдний уулзалтын тухай барууны хэвлэлүүд өөр өөр өнцгөөс дүгнэж байгааг хүргэе.

“Хятадыг Оросоос холдуулах нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилго байсан”

Washington post: Энхийг сахиулагчийн дүрд тоглосноороо Ши хэрвээ Украин гал зогсоохоос татгалзвал тус улсын эсрэг илүү хатуу арга хэмжээ авахыг зөвтгөж болох өөрт нь илүү ашигтай байр суурийг баримталж магадгүй юм. Тухайлбал, тэрбээр Орост зэвсэг өгснөөр нөхцөл байдлыг тэнцвэржүүлж байна гэж баталж магадгүй. Эсвэл Украинд шахалт үзүүлэхийг дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгийн Энэтхэг, Өмнөд Африк, Бразил зэрэг орнуудаас шаардаж мэднэ. Бүхэл бүтэн нэгэн үеийн турш Хятадыг Оросоос холдуулах нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилго байсныг харгалзан үзвэл Евразийн эвслийн удирдагчийн хувиар гарч ирж буй Ши Жиньпиний шинэ дүр Америкийн стратегичдийг хүндхэн нөхцөл байдалд оруулж байна.

“Хятад бол бусдаар юу хийхээ заалгахгүй улс”

New York Times: “Москвад хийсэн Ши-гийн төрийн айлчлалын хоёр дахь өдөр хоёр удирдагчийн өгсөн эдийн засгийн амлалтууд нь Хятад улс АНУ эсвэл Европын аливаа арга хэмжээг үл тоомсорлон Оростой урьдын адил бизнес хийсээр байх болно гэсэн дохио байв. Ши Жиньпин энэ айлчлалаараа Хятад бол бусдаар юу хийхээ заалгахгүй улс гэдгийг дэлхий дахинд хэлэв. “Путин бол муу жаал, тоглоомын талбай дээр түүнтэй бүү уулзаж бай” гэж хэлэх гэсэн Барууныхны оролдлого Хятадад ямар ч нэмэр болохгүй” гэж ээ.

“Дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг өөрийг нь дэмжиж байгаа”

Bloomberg: Ши Жиньпиний айлчлал хоёр удирдагчийн хоёулангийнх нь улс төрийн ялалтыг харууллаа. Саудын Араб, Ираны хооронд гэрээ байгуулахад зуучилсныхаа дараа Ши Жиньпин АНУ-д хариу цохилт өгч, дэлхийн хэмжээний төрийн зүтгэлтэн гэсэн дүр төрхөө бэхжүүлэх боломжийг олж харсан. Харин Путин АНУ болон тус улсын холбоотнууд түүнийг тусгаарлахыг оролдож байгаа үед ч гэсэн дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг өөрийг нь дэмжиж байгааг харуулав.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу