-ГАНТАЙ ЖИЛ ТАРИАТАЙГАА ХАМТ ГАНДДАГ ТАРИАЛАНЧДЫН ЗОВЛОНГ ТЭД МЭДЭХГҮЙ-

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан баруун гартаа малчдыг дэмжих, зүүн гартаа газар тариалангийн салбарыг сүйтгэх бодлого барина гэдгээ зарлаад долоо хонож байна. Баруун бүс буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийн УИХ-ын долоодугаар тойрогт нэр дэвшихээр болсон тэрбээр баруун аймагт малын тэжээл тарааж яваад, ийм мэргэн санаатай ирж л дээ.

Түүний нэр дэвших тойрогт зуд турхан нүүрлэж, малын тэжээл олдохгүй, малын хорогдол өндөр байгаа тул малчдын саналыг “хуу хамах” ганц шийдэлтэй ирснээ хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа нь энэ.

Засгийн газраас гурил, малын тэжээлийг тэглэх Гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулна гэв. Монголчууд дэлхийд байхгүй үнэтэй гурил идэж, түүнээс болж иргэд ядуурч байгаа юм байх. Д.Амарбаясгалангийн хэлснээр, хилийн цаана гурил 900 төгрөг байхад Монголд 2600 төгрөгөөр нэг кг гурил зарж байгаа нь буруу юм гэнэ.

Хилийн цаана бензин 900 төгрөг, Монголд 2930 төгрөг байхад тэр харин юу ч дуугардаггүй юм. Бусад өргөн хэрэглээний барааны үнэ тэр байтугай тэнгэрт хадсан байхад нүдээ аниад дэргэдүүр нь тэр чимээгүй л өнгөрдөг юм.

Агуулахаас гаргасан тариа өөрөө ургачихдаггүй. Тариаланчдын таван сарын нөр их хөдөлмөр, бензин, шатахуун, бордоо, уринш, өндөр зардалтай техник тоног төхөөрөмжөөс эхлээд ямар ч зардал тариаланчдаас гардаггүй гэж бодож байгаа бололтой. Аргагүй дээ, Ардын намын дарга нар амьдралаас тасарсан. Амьдралын үнэ цэн, мөнгөний үнэ цэнийг огт мэдрэхээ байчихсан.

Ялангуяа атга будаа тарьж, хөлсөө дуслуулж үзээгүй Д.Амарбаясгалан газар тариалангийн салбарыг унагахад гайхаад байх юмгүй. Зуны хүйтэн бороонд таван тариагаа хамгаалж, гантай жил тариатайгаа хамт ганддаг тариаланчдын зовлонг ойлгохгүй Ардын намынхан амны зоргоороо ингэж хэлэхэд гайхах юмгүй л дээ.

Газар тариалангийн салбар уналтад ороход С.Баярын Засгийн газар “Атрын III аян”-ыг эхлүүлж байв. Түүнээс хойш газар тариалангийн салбар үсрэнгүй хөгжчихсөн юм байхгүй ч өөрсдийн нөөц боломжоор дотоодын улаанбуудай, гурилын нөөцийг бүрдүүлэх хэмжээнд хүрсэн.

Ерөнхийлөгчийн зүгээс хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, “Хүнсний хувьсгал” аяныг эхлүүлсэн. Аюулгүй хүнсийг дотооддоо бэлдэж, иргэдээ хангах гол зорилготой. Гэтэл тэжээсэн бяруу тэрэг эвдэж, Д.Амарбаясгалан сайд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг зогсож байгаагаа харуулав.

Ерөнхийлөгчтэй ойр явж ирсэн түүний хувьд оны өмнөөс “жийгдсэн” гэх яриа улс төрийн хүрээнд бий. Үүний шалтгаан нь МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга бүх зүйлийг гартаа авах гэсэн атгаг бодлоос эхлэлтэй гэж ярих юм билээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Д.Амарбаясгаланг найз Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжавын “Админерал” ХХК-иар дамжуулан Бор тээгийн уурхайг авсан тухай мэдээллийг нээлттэй сонсголоор ил болгосон. Ингэж л Д.Амарбаясгалан гэдэг хүн нийгэмд “ад үзэгдсэн”.

Тиймээс хариугаа авах гэсэн өчүүхэн арга нь газар тариалангийн салбарыг татаж унаган, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эсрэг зогсож байгаагаа харуулж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болохоор байна.

Монголчууд мах, гурилтайгаа байхад ямар ч цас зуд, ган нүүрлэсэн гэдэс цатгалан байна гэдэг ард түмэн. Гэтэл стратегийн хүнс болох гурилаас нь монголчуудыг салгах бодлого хэрэгжүүлнэ гэдэг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн үг. Гаалийн албан татварыг хугацаагүйгээр тэглэнэ гэдэг улсаа хорлож байгаа хамгийн том хэлбэр юм.

Монгол Улсад шаардлагатай улаанбуудай, гурилын нөөцөө тооцоод хэдий хэмжээний улаанбуудай, гурил дутаж байгаа хэмжээгээ тодорхойлох ёстой. Намрын ургац хураалтаас хойш улаанбуудайн нөөц хангалттай болдог тул зуны аль сард улаанбуудай дутах нь вэ гэдгээ тооцсоны үндсэн дээр тэр хэмжээний улаанбуудайг дутагдаж байгаа сард импортоор авч болно.

Гэтэл ийм алхам хийлгүй, хугацаагүйгээр импортын улаанбуудай, гурилыг хилээр оруулах боломжийг нээж өгөх нь зуданд малаа алдсан монголчууд гурилгүй болохын эхлэлийг тавьж байгаа юм.

Тариаланчид хаалгаа барьснаар гаднаас орж ирэх гурилыг ченжүүд 2600 төгрөг бус 5600 төгрөгөөр зарна. Үүнийг нь авахгүй гэвэл хоолгүй хононо. Тиймээс үнэтэй ч гэсэн авахаас өөр сонголт үлдэхгүй л дээ.

Дургүйг нь хүргэвэл хойдууд крантаа хааснаар улсаараа бензингүй болдог шиг улсаараа гурилгүй болох нөхцөл бүрдэх юм. Бензин шатахуун, эрчим хүч дээр нэмэгдээд, гурилын хараат улс болоход дэндүү ойрхон болж байна.

“Хүнсний хувьсгал”-ын эсрэг Гаалийн албан татварыг тэглэх тухай хуулийг эрх баригчид хүч түрэн баталлаа гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавихаас өөр зам үлдсэнгүй. Өөрийнх нь санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын эсрэг сонгуулийн тойргийн санал авах өчүүхэн бодлоор хандаж буй намын дүү Д.Амарбаясгалангийнхаа толгойг илээд суух уу гэдэг анхаарал татаж байна.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу