Эквадорын түүхэн дэх хамгийн залуу хотын дарга, 27 настай Брижит Гарсиа өнгөрсөн Ням гаргийн өглөө буудуулж, нас барсан байдалтай олдсон талаар тус улсын Үндэсний цагдаагийн газраас мэдэгджээ.

X цахим сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд “Цагдаа нар далайн эргийн жижиг хот болох Сан Висенте хотын дарга Гарсиа Харилцаа холбооны захирал Жайро Лоорын хамт машинтай явж байгаад буудуулж амиа алдсаныг тогтоолоо” гэж дурджээ.

Тус улсын цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж буй бөгөөд Эквадорын Засгийн газар энэ үйл явдлыг “гэмт хэрэг” гэж нэрлээд, аллагын ард хэн нэгэн хүн, бүлэглэл бий эсэх талаар мэдээлээгүй байна.

Гарсиа Ерөнхийлөгч асан Рафаэль Корреагийн Иргэний хувьсгалын хөдөлгөөний намын гишүүн байсан аж.

Эквадор улсад зэвсэгт бүлэглэлийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр сард “Фито” гэгддэг гэмт бүлэглэлийн толгойлогч Хосе Адольфо Макиас Гуаякил дахь шоронгоос оргосны дараа Эквадор улс даяар онц байдал зарлажээ.

Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа зэвсэгт хүчинд улс орон даяар хүчирхийллийг саармагжуулах цэргийн ажиллагаа явуулах тушаал буулгасан аж. Түүнээс хойш хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 2000 гаруй хүнийг баривчилсан гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлжээ.

Эх сурвалж: CNN, FOX NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу