Киевийн Жуляны нисэх онгоцны буудлын ойролцоо хүчтэй дэлбэрэлт болсныг нүдээр харсан гэрчүүд мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. Гэрч хэлэхдээ “Нисэх онгоцны буудал орчимд хүчтэй дэлбэрэлт болж, утаа саагиж байсан” гэж ярьсан байна.

“Rambler”-т мэдээлснээр, Украины нийслэл болон Киев мужид агаарын дайралтаас хамгаалах дохио дуугарчээ. Үүний дараа Украины нийслэлийн төвд хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ сонсогдсон гэх мэдээллийг хотын дарга Виталий Кличко баталжээ.

Тэрбээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Нийслэлд дэлбэрэлт боллоо. Яаралтай хоргодох байранд ороорой” гэж анхааруулсан байна.

Украины олон нийтийн телевизээр Киев хотын цэргийн захиргаанаас нийслэлийн Печерский дүүрэгт пуужингийн хог хаягдал унасан тухай мэдээлснийг уламжилжээ. Печерский, Соломенский, Днепр дүүргүүдэд яаралтай тусламжийн дуудлагууд ирсэн байна.

Украины хэд хэдэн бүс нутагт гуравдугаар сарын 22-ны өглөө агаарын дайралтаас хамгаалах сэрэмжлүүлэг дохио өгчээ. Украины Ивано-Франковск, Хмельницкий, Винница мужууд болон Харьков, Кривой Рог зэрэг хотод дэлбэрэлт болсон байна.

Эх сурвалж: TASS, RAMBLER
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу