АНУ-ын Мэрилэнд мужийн боомтын Балтимор хотод өнгөрсөн Мягмар гаргийн шөнийн 01:30 минутын үед ачаа тээврийн усан онгоц 3 км урт, “Фрэнсис Скотт Кей” гүүрний тулгуур баганыг мөргөсөн томоохон осол гарсан.

Яаралтай арга хэмжээ авч, гүүрэн дээрх авто замын хөдөлгөөнийг зогсоож чадсан боловч тэнд засварын ажил хийж байсан найман хүн мөрний ус руу унасан байна.

АНУ-ын эргийн хамгаалалт болон Мэрилэнд мужийн цагдаагийн албанаас “Аврах багийнхан ослоос хойш 18 цагийн турш идэвхтэй эрэл хайгуул хийсэн бөгөөд харанхуй болсны улмаас эрэн хайх, аврах ажиллагааг түр зогсоосон” гэж мэдэгджээ.

Мөн “Усанд унасан хүмүүсийн хоёрыг нь аварч, нэгийг нь эмнэлэгт хүргэсэн бол зургаа нь амиа алдсан байх магадалтай байгаа аж. Тэдний хоёр нь Гватемалаас ирсэн бол үлдсэн нь Мексик, Гондурас, Эль-Сальвадор зэрэг улсуудаас ирсэн цагаач иргэд” гэж мэдээлсэн байна.

Далайн эргийн хамгаалалтын албаны адмирал Шеннон Гилреат ослоос хойш олон цаг өнгөрсөн тул хүйтэн усанд унаж, сураггүй алга болсон ажилчдыг эсэн мэнд олох найдвар байхгүй талаар мэдэгджээ.

Мужийн цагдаагийн хурандаа Роланд Батлер “Лхагва гарагт нар мандмагц шумбагчид ажилчдын шарилыг олж авахын тулд ажлаа эхлүүлнэ гэж эрх баригчид найдаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

“Фрэнсис Скотт Кей” гүүрийг мөргөсөн “Дали” ачаа тээврийн усан онгоц 289 метр өндөр бөгөөд 3000 орчим чингэлэг тээвэрлэж Балтимороос Шри-Ланка улсыг зорьсон 27 хоногийн аялалд гарахаар эргээс хөдөлжээ. Сингапур улсад төвтэй Синержи группын эзэмшилд байдаг усан онгоцыг “Данийн Маерск” компани ачаа тээвэрлэхээр түрээсэлсэн байсан аж.

Усан онгоц зогсоолоос хөдөлсний дараа гэнэт тоггүй болж, бүх гэрэл цахилгаан нь унтарчээ. Хөлгийн багийнхан гэрэл цахилгаанаа эргэн холбож, усан онгоцны хөдөлгөөнийг сааруулах оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн тул ослын дуудлага өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Ачаа тээврийн онгоцон дээр байсан хөлгийн багийн 22 гишүүн Энэтхэгийн иргэд аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ослын үеэр хохирсон хүмүүст гүн эмгэнэл илэрхийлээд, Засгийн газраас гүүрийг яаралтай сэргээн засварлах ажилд шаардлагатай бүх зардлыг гаргана” гэж мэдэгджээ.

“Фрэнсис Скотт Кей” гүүрээр өдөр тутам 34000 тээврийн хэрэгсэл тогтмол зорчдог байна. Гүүр нурснаар боомт дахь усан замын тээвэр ч мөн зогсонги байдалд оржээ. Тус гүүрийг 60 сая ам.долларын зардлаар бүтээн байгуулж, 1977 онд ашиглалтад оруулсан байна.

Балтиморын боомт нь АНУ-ын ес дэх том усан зогсоол бөгөөд 15000 хүнийг шууд ажлын байраар хангадаг ажээ.

Эх сурвалж: BBC, REUTERS, WIRED
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу