Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. 1961 онд  Францын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож, өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогчид “Эв нэгдэл, харилцан ойлголцол, энх тайван” уриан дор нэгдэж, тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэсэн юм.

Монгол Улсад 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болж, тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг, хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц баяр болсон билээ.

Өнгөрсөн жилийн энэ өдөр соёл, урлагийн салбарын найруулагч, уран бүтээлч, зураач, зохиолч, урлаг судлаачдын дунд “Амьд театр” хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулсан юм. Харин энэ жилийн хувьд Улсын Драмын эрдмийн театрт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 12 театрын найруулагч, төлөөлөгч оролцсон хэлэлцүүлэг, арга хэмжээ болж буй. 

Театрт очих дуртай хүн бүхэнд баярын мэнд хүргэе. Театр бол ариун сүм, Театр бол хүний сэтгэл бодлыг дэлгэн нээх оюуны их өргөө юм

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу