АНУ-ын прокурорын байгууллага өнгөрсөн Мягмар гаригт “АНУ-ын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн салбарт мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа явуулж буй бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асны уул уурхайн сангаас “хулгайлсан” мөнгөөр худалдаж авсан, Нью-Йорк хотын өндөр зэрэглэлийн хоёр орон сууцыг хурааж авахаар ажиллаж байна” гэж мэдэгдэв.

Бруклины холбооны прокурорууд “Монголын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийнхэн 2012, 2015 онд Манхэттэн хотын төвд байрлах хоёр орон сууцыг нийт 14 сая ам.доллараар худалдаж авсан” гэж мэдэгдсэн байна.

Тэд мэдээлэхдээ, Монголын зэсийн баяжмалыг Азидаа томоохонд тооцогдох “Эрдэнэт үйлдвэр”-ээс авсан бөгөөд дээрх мөнгийг 2011 онд Хонконгод бүртгэлтэй “Catrison Limited” компанитай байгуулсан 68 сая ам.долларын олборлолтын гэрээнээс олсон гэж мэдэгджээ.

Тус улсын прокурорууд мөн “Catrison Limited” компани уул уурхайн ямар ч туршлагагүй бөгөөд Батболд итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөрөө дамжуулан удирдаж байсан” гэсэн байна.

Бруклин дахь холбооны дээд прокурор Бреон Пийс “Батболд хууль бус авлигын схемээсээ олсон ашгаа АНУ-ын холбооны хуулийг зөрчин, дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад ашигласан” гэж мэдэгджээ.

С.Батболд 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан бөгөөд өдгөө тус улсын парламентын гишүүнээр ажиллаж буй юм. Түүний өмгөөлөгчид 2020 онд болсон шүүх хурал дээр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Батболд Нью-Йорк хотод өмч хөрөнгөгүй” гэж мэдэгдсэн байна.

Түүний өмгөөлөгч Орин Снайдер “Ноён Батболд эдгээр үндэслэлгүй нэхэмжлэлийг үгүйсгэж, өөрийгөө өмгөөлөх боломжтой болох шүүх хуралдааныг тэсэн ядан хүлээж байна. Батболд гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэжээ.

АНУ-ын Сангийн яам өнгөрсөн хоёрдугаар сард Америкийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эргэлдэж буй хууль бус хөрөнгийн урсгалыг хязгаарлах зорилготой төлөвлөгөөг албан ёсоор баталжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, 2015-2020 оны хооронд АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт 2.3 тэрбум ам.доллар “угаагдсан” байна.

Прокурорууд “Catrison Limited” компанийн Удирдах зөвлөлийн гишүүний хяналтад байдаг компани 2012 онд Баруун 56-р гудамжинд байрлах “The Carlton House” барилгаас 3.9 сая ам.доллараар орон сууц худалдаж авсан. Батболдын хүү дараа жил нь АНУ-ын банканд данс нээхдээ шуудангийн хаяг дээрээ уг байрны хаягийг бичсэн байсан” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Батболдын хүү Зүүн 61-р гудамжинд байрлах “The Park Imperial” дахь орон сууцны “хамтран өмчлөгч”-ийн жагсаалтад бүртгэлтэй байгаа бөгөөд түүнийг “Catrison Limited” компанийн ТУЗ-ийн гишүүний хяналтад байдаг өөр нэгэн компани 2015 онд 9.9 сая ам.доллараар худалдаж авсан” гэж мэдэгджээ.

BBC агентлаг “Дээрх хоёр үл хөдлөх хөрөнгө нь “Central Park”-аас хэдхэн блокийн зайд оршдог бөгөөд нэг нь “The Carlton House”-т, нөгөө нь “The Park Imperial”-д байрладаг” гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: REUTERS, BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу