УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ-ын гишүүд ямар мөнгөөр метро барихыг мэдэхгүй байна. Улсаараа метроны сайхан зураг хараад л суугаад байх юм. Ямар төсвөөр яаж шийдэхээ танилцуулж, ярилц л даа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнд Нийслэлийн Засаг дарга хариу хэлсэн байна. Тэрбээр “Сонгууль дөхөхөөр үлгэрийн баатрууд амилдаг гэж үнэн юм. Ажил ажлаа хиймээр байна. Метро эсэргүүцэж байгаа, харлуулж байгаа хүмүүс метро ашиглалтад орохоор суухгүй гэдгээ илэрхийлмээр байна” гэж цахим хуудастаа бичжээ. 

Сануулахад, УИХ-ын намрын чуулган завсарласан үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, 2024 оны төсөвтөө тодотгол хийн, 330 гаруй тэрбум төгрөгийг метро барих төсөлд зарцуулахаар суулгасан билээ. Улмаар олон улсын нээлттэй тендер зарлаж, Улаанбаатар хотын гудамжаар метроны зурагтай сурталчилгаанууд байршуулсан. Энэ асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандсан юм. 

“Метро” барих олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний үе шатны шалгаруулалтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, энэ сарын 18-ны 11:10 цагт хаасан.

Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан Япон, Хятад, Солонгос, Монголын нийт 20 компани саналаа ирүүлээд буй. Эдгээр компанийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу