Украины Ерөнхий сайд Денис Шмигал Украин улс Дэлхийн банкны хөтөлбөрийн хүрээнд Их Британи, Японоос 1.5 тэрбум ам.доллар авахаар болсон талаар мэдээлжээ.

Тэрбээр “Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл Украинд хөгжлийн бодлогыг дэмжих зээлийн хүрээнд 1.5 тэрбум ам.доллар олгох шийдвэрийг баталлаа. ​​Үүний 984 сая ам.долларыг Япон, 516 сая ам.долларыг Их Британи тус тус олгох юм” гэж Telegram сувгаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр дээрх санхүүжилт энэ сардаа багтаж ирэх байх хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.

Украины төсвийн алдагдал 2024 онд 43.9 тэрбум ам.доллар буюу дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа аж. Тус улсын эрх баригчид үүний ихэнх хэсгийг барууны холбоотнуудын тусламжаар нөхөхөөр төлөвлөж буй юм байна.

Барууны хандивлагчдаас тусламж авахгүй бол тус улс зөвхөн цэргийн бус, төсвийн зардлаа нөхөх боломжтой бөгөөд нийгмийн халамж, төрийн албан хаагчдын цалин олголтод ноцтой асуудал тулгарахыг Киев хүлээн зөвшөөрчээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын Конгресс Украинд үзүүлэх тусламжийг шийдвэрлэлгүй дөрвөн сар гаруй хугацаанд хойшлуулсан. Европын холбооны орнууд 2023 оны арванхоёрдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Киевт дөрвөн жилийн хугацаатай 50 тэрбум еврогийн санхүүжилт олгох хөтөлбөрийг хүлээж аваагүй ч хоёрдугаар сарын 1-нд болсон яаралтай дээд хэмжээний уулзалтаар баталсан билээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу