Засгийн газрын өнөөдөр (2024.03.27)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. 

Хуралдаанаар элэгний Д вирусийн халдварын талаар хэлэлцжээ.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар тооцоод үзвэл, манай улсад элэгний Д вирусийн халдвартай 66 орчим мянган иргэн байх магадлалтай байна. Харин иргэдийн үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагын судалснаар 150 орчим мянган иргэн хепатит, элэгний Д вирусийн халдвартай гэсэн дүн гарчээ. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д шинжилгээ өгч, Д вирустэйгээ мэдээллийн санд бүртгүүлсэн иргэдийн тоо 3800 байна. 

Дэлхийд Д вирусийг бүрэн төгс эмчилдэг болоогүй. Халдварыг нь эмчилдэг, ДЭМБ-д зөвшөөрөгдсөн ганцхан эмчилгээ байдаг. Тэр нь интерферон (Interferon).

Эрүүл мэндийн сайд оны эхэнд тушаал гаргаж, Монгол Улсад Д вирусийн халдварыг эмчлэх эмнэлзүйн зааврыг баталсан. Үүнд ДЭМБ-ын зөвшөөрсөн эмчилгээний ганц аргыг ашиглах, мөн ДЭМБ хараахан бүртгээгүй байгаа ч ОХУ дотооддоо бүртгэж, эмчилгээнд хэрэглэж байгаа эм, Европын холбоонд бүртгэгдсэн АНУ-ын эм зэргийг ашиглахыг баталсан. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн гарцыг хайж байна. 

Интерферон тариаг эмчилгээнд хэрэглэх эмнэлзүйн зааврыг гаргаад, худалдан авах ажиллагааг зохион байгуулах гэж байна. Гэхдээ энэ тариаг гаж нөлөө өндөртэй гэж үздэг учраас худалдан авах үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Харин ОХУ-ын эмийн тухайд, тус улс патентаа АНУ-д худалдсан юм байна. Ингэхдээ бусад улсуудад худалдан борлуулах зөвшөөрөл олгоогүй. Тиймээс бид энэ талаар ОХУ-ын Эрүүл мэндийн сайдтай уулзсан. Улмаар иргэдээ Буриадад Д вирусийн эмчилгээнд хамруулахаар болж, санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ эмийн сарын хэрэглээ 160-175 мянган рублийн үнэтэй юм билээ. Манай улсын иргэдэд 25 хувь хямдруулж, зарахаар урьдчилж тохироод байна.

Мөн АНУ-ын компанитай олон талын уулзалт, хэлэлцээ хийж, тус улсын эмийг авах талаар ярьж байна. Хэдийгээр энэ эмийг ДЭМБ зөвшөөрөөгүй ч Европын холбоо бүртгэсэн байдаг учраас манайх эмчилгээнд хэрэглэж болох юм байна гэж үзэж байна.

Энэ эм мөн л Европт үнэтэй. Сарын эмчилгээний зардал нь 10-12 мянган евро гэсэн. Манайх үйлдвэртэй нь үнийн хэлцэл хийж, найм дахин бага үнэтэй байхаар ярилцаж байна. Мөн гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх шаардлагатай. 

Эрүүл мэндийн тухай хуульд “Халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна” гэж заасан байдаг. Энэ заалтыг үндэслэж, төр тодорхой арга хэмжээ авна. Шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусгана. 

Энэ жил “Элэг бүтэн Монгол” төслийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын багцад 7 тэрбум төгрөг туссан. Өмнөх онд энэ төслөөс 5-6 тэрбум төгрөг үлдсэн юм. Энэ жилийн 7 тэрбумтай нийлээд 13 орчим тэрбум төгрөг бий. Энэ мөнгөнд багтааж, ойрын хугацаанд Д вирусийн эмчилгээг эхлүүлнэ. Д вирусийн халдвартай хүн олон байгаа учраас нэг жилийн дотор 100 хувь эмчилгээнд хамруулж чадахгүй. 4-5 жилийн турш хийгдэх байх” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

         

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу