Дэлхийн театрын өдөр өнөөдөр (2024.03.27) тохиож байна. 1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш дэлхийн өнцөг булан бүрд театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгчид ёслон тэмдэглэж ирсэн билээ. Монгол Улсын хувьд 1990-ээд оноос энэ баярыг тэмдэглэдэг болсон юм.  

Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын Театрын музейд “Түүхт Бөмбөгөр ногоон-Виртуал орчинд” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Та ч мөн театрын музейд зочлон, ZEV Digital Museum хамт олны орчин үеийн дижитал технологи ашиглан, бодит мэт амьдруулсан цахим Бөмбөгөр ногоон театрыг сонирхох боломжтой.

Судлаач Ч.Болд, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн Тэргүүн, судлаач С.Түвдэндоржтой хамтран дэлгэж буй Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театрын уран бүтээлчдийн уран зураг, зурагт хуудас, гэрэл зураг, үнэмлэх, 1927-1949 онд тайзнаа тоглогдсон жүжгийн хөтөлбөр, ном, сэтгүүл, пянз зэрэг 100 гаруй үзмэр энэхүү үзэсгэлэнд дэлгэгджээ.

Улаанбаатар хотын төвд, одоогийн Засгийн газрын ордны зүүн хэсэгт байсан Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн европ маягийн дан байшин олны дунд “Бөмбөгөр ногоон” нэрээр алдаршсан бөгөөд одоо ч зарим ахмадууд энэ тухай дурсан ярьцгаадаг.

Тухайн үед соёл, урлаг, улс төрийн үйл ажиллагааны төв болж байсан үндэсний хэлбэртэй уран барилгын дурсгал болох энэ түүхт барилгын талаар театрын музейд дэлгэрэнгүй үзмэрүүд байршдаг билээ.

Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын зургийг Унгар улсын иргэн, инженер Иозеф Гелета гаргаж, монгол, хятад мужаан, барилгачид барьсан. Ардын цэнгэлдэх хүрээлэн 1927 онд ашиглалтад орж, “Олон үндэстний концерт”-оор нээлтээ хийжээ.

“Түүхт Бөмбөгөр ногоон-Виртуал орчинд” үзэсгэлэнгийн хойморт виртуал музейд зочлуулах төхөөрөмж байх бөгөөд түүнийг зүүснээр музейн гадна хашааны хаалганаас эхлээд зочлох боломжтой. Зүлэг ногоо ургасан зуны өдрийг санагдуулам дүрслэлтэй ба хаалгаар цааш орвол Бөмбөгөр ногоон театрын үүд бий.

Үзэгч өөрийн биеэр 360 градуст чөлөөтэй эргэн, гартаа барьсан төхөөрөмжөөр чиглүүлэх боломжтой. Улмаар дотогш орвол монгол гэрийг дуурайлган бөмбөгөр оройтой, баганагүй барьсан хэсэгт театрын тайз байв.

Дээврийг олон давхар эсгийгээр дулаалан доторлож, баруун урд талын гэрийн тооно хэлбэртэй дөрвөн цонхоор нар чөлөөтэй тусаж гэрэлтүүлж байлаа. Мөн олон багана тасалгаа, нуман хаалга  бүхий өрөөнүүд байв.

Театрын үзэгчдийн суудлын тооны талаар янз бүрээр бичигдсэнээс Төв театрын найруулагч, зохиолч Д.Намдаг “500 хүний суудалтай байсан” гэж бичсэнийг үндэслэлтэй гэж үзэж болох юм. Ийнхүү үзэгчдийн суудал ч маш олон харагдана. 

Тайзан дээр барьсан гэр, майхны орчинд жүжигчид чөлөөтэй явж, тоглож байхаар хийгдсэн бололтой саруулхан. Дашрамд дурдахад, тайзыг гараар эргүүлдэг байсан хэмээн түүхэнд бичигдсэн байдаг.

Ийнхүү монголын түүхт ардын цэнгэлдэх хүрээлэндээ зочлон саатах боломж бүрджээ. Орчин цагт гэрэл зургаас өөр ул мөргүй болсон олон түүхэн дурсгалт газруудыг виртуал орчинд сэргээж буй нь магтууштай хэрэг. Цаашлаад ирээдүйд өвлүүлэх их өв соёлын ч нэгээхэн хэсэг. 

1931 онд Улсын Төв театр байгуулагдан нээлтээ “Үнэн” жүжгээр баяр ёслолын байдалтай хийжээ. Түүнчлэн их хэлмэгдүүлэлтийн улс төрийн ажиллагааг нийтэд үзүүлэх бас нэг газар нь болж байв. Театрын барилга 1949 онд галд өртөж үгүй болсон нь Монголын соёл урлагийн түүхэнд том гарз болсон билээ. 

А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу