Бүгд найрамдах намаас өнөөдөр (2023.03.23) мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарыг уучлал гуйхыг шаардлаа. 

Учир нь өнгөрөгч долоо хоногт болсон Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголд тус намын дарга, “Буян” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан гэрчээр оролцсон юм. Энэ үеэр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нартай маргалдсан юм. 

Энэ талаар Бүгд найрамдах намын нарийн бичгийн дарга Б.Зоригоо “УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар нь Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголын үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг Ард түмний мөнгийг хулгайлсан хулгайч, Хөгжлийн банкнаас хүүгүй зээл авсан, сүүлийн есөн жил нэг ч төгрөг төлөөгүй, нэр нүүр намтаргүй хэмээн ор үндэсгүйгээр илтэд гутаан доромжилж, гүжирдэн гүтгэсэн нь Үндсэн хуулийн тодорхой заалтууд болон гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоон гэсэн үндсэн зарчмаа уландаа гишгэсэн үйлдэл боллоо.

Нээлттэй сонсголоор төсвийг мөшгөх, үнэнийг тодруулах нь чухал болохоос биш Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар зэрэг гишүүдийг гоё харагдуулах, оноо нэмэх ажил биш.

Иймээс Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын гишүүдийг худал мэдээлэл тараасандаа уучлалт гуйхыг шаардаж байна. УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаа энэ цаг үед нэр бүхий улстөрчдийг харлуулах замаар сөрөг хүчний намуудын нэр хүндийг унагах, сонгогчид нөлөөлөх гэсэн увайгүй үйлдлээ зогсоохыг МАН-аас хатуу шаардаж байна” гэлээ. 

Сануулахад, Б.Жаргалсайханы “Буян” ХХК нь ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэл төслийн хүрээнд 2014 онд Голомт банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас 14 тэрбум төгрөгийн зээл авсан ба одоог хүртэл төлөөгүй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу