Тайланд Улсын Жуулчны цагдаа, Цагаачлалын албанаас Бангкок, Паттайя хотын томоохон газруудад жуулчдын халаасыг ухаж, хулгай хийсэн байж болзошгүй таван монгол иргэнийг баривчилжээ.

Хятадын жуулчин хатагтай Сун Юэйинг (71 настай) Паттая дахь хөвөгч захыг үзэж яваад халаасны хулгайд өртсөнөө Нонгпругийн цагдаад мэдүүлсний дараа гуравдугаар сарын 11-нд мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн байна. Хохирогч 21 мянган юань, 1800 тайланд баттай түрийвчээ хулгайд алджээ.

Баривчлах албаныхны мэдээлснээр, сэжигтнүүд баг болон ажилладаг байна. Тэд эхлээд “бай”-гаа хайж олоод, халаасыг нь ухаж, цүнхийг нь нууцаар онгойлгодог бөгөөд энэ үедээ үйлдлээ далдлахын тулд шүхэр ашигладаг байсан аж.

Мөрдөн байцаалтын явцад сэжигтнүүд Бангкок, Паттайя хотын аялал жуулчлалын төв, худалдааны төв, “BTS Skytrain” буудал зэрэгт ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Жуулчны цагдаа, Цагаачлалын алба хамтран ажилласнаар өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр Бангкок хотын Он Нут дүүрэгт байрлах зочид буудлаас Монгол Улсын таван иргэнийг баривчилжээ.

Паттая мужийн шүүхээс сэжигтнүүдийн гурав болох Найдангийн Нансалмаа (32 настай), Авирмэдийн Ганзориг (25 настай), Дорихоролын Амаболд (24 настай) нарыг баривчлах захирамж гаргасан байна. Тэд Паттая хотод хятад жуулчны халаасыг ухаж, хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.

Таван сэжигтний визийг хүчингүй болгож, Тайландын хар жагсаалтад мөн оруулсан байна. Улмаар тэднийг албадан гаргахаар ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: TAILANDTV NEWS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу