Үндэсний аудитын газраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021-2023 оны биелэлт 70.5 хувьтай буюу дунд хугацааны зорилтыг бүрэн хангаагүй байна гэж дүгнэжээ. Тодруулбал,

Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг,  нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд 1 зорилго, 15 зорилтын 38 арга хэмжээнээс үр дүнтэй хэрэгжсэн 22 буюу 57.9 хувь, тодорхой үр дүнд хүрсэн 13 буюу 34.2 хувь, үр дүнгүй арга хэмжээ 3 буюу 7.9 хувийг эзэлж, нийт бодлогын хэрэгжилт 83.0 хувьтай буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж үзсэн байна.

Энэхүү аудитын зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн хэрэгжилтийг дүгнэж, дүгнэлт, зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулахад чиглэжээ.

Үүний тулд аудитыг нэгд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго бүрэн биелсэн үү? Хоёрт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийг бодитой үнэлж, тайлагнасан уу” гэсэн зорилтын хүрээнд гүйцэтгэсэн байна.

УИХ-ын 2020 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” бий.

2021-2023 оны хооронд 6 бодлого, 23 зорилго, 261 зорилтын хүрээнд 1046 арга хэмжээг 154 шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинтэй, үндсэн хэрэгжүүлэгч 16 яам, 8 тохируулагч, 2 хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ, зарим төрийн өмчит хуулийн этгээд хэрэгжүүлсэн байна.

Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 6 бодлогын хэрэгжилт 2021-2023 оны байдлаар үр дүн 70.5 хувийн биелэлттэй гарчээ. Үүнд:

Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин”-д нийт 6 бодлогын 48 зорилгын хүрээнд 154 шалгуур үзүүлэлтийг тусгасан.

Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг,   нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын “Цар тахлын үеийн хүн, амын эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлийг бууруулах, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдал” гэсэн шалгуур үзүүлэлтийг хүрэх түвшингүй баталсан байна.

Харин “Хүний хөгжлийн бодлого”-ын 6 зорилго, Эдийн засгийн бодлогын 7 зорилго, Засаглалын бодлогын 6 зорилго, Ногоон хөгжил бодлогын 1 зорилго, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын 2 зорилгын хүрээнд нийт 153 шалгуур үзүүлэлтийг хүрэх түвшинг баталсан бөгөөд 2021-2023 оны хооронд 80 шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин хангагдаж 52.3 хувь, 72 шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшин хангагдаагүй буюу 47.1 хувийг эзэлжээ. Үүнд:

“Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг,  нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд 1 зорилго, 15 зорилтын 38 арга хэмжээнээс үр дүнтэй хэрэгжсэн 22 буюу 57.9 хувь, тодорхой үр дүнд хүрсэн 13 буюу 34.2 хувь, үр дүнгүй арга хэмжээ 3 буюу 7.9 хувийг эзэлж, нийт бодлогын хэрэгжилт 83.0 хувьтай буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэжээ.

”Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн цар тахлын үеийн нэмэгдлийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгоно” арга хэмжээний хүрээнд 2021 онд 1,220,158 хүүхдэд улсын төсвөөс 1,336.3 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 118.9 тэрбум төгрөг, нийт 1,455.2 тэрбум төгрөг олгосон.

2022 онд 1,237,490 хүүхдэд улсын төсвөөс 1,484.9 тэрбум төгрөг олгож, 2023 онд 1,305,322 хүүхдэд улсын төсвөөс 1,520.1 тэрбум төгрөг буюу 2021-2023 онд нийт 4,460.3 тэрбум төгрөгийг олгосон байна. Энэ ажил 100 хувийн үр дүн үзүүлжээ.

”Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг 2020 оны аравдугаар сараас хойш хэсэгчлэн үргэлжлүүлнэ” арга хэмжээний хүрээнд 33,854 ажил олгогчийн 410,678 албан журмын даатгуулагчийн 602.4 тэрбум төгрөг, 169,174 сайн дурын даатгуулагчийн 29.3 тэрбум төгрөг, давхардсан тоогоор 199,404 даатгуулагчийн 19.7 тэрбум төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангийн дэмжлэг буюу нийт 651.5 тэрбум төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт болон хөнгөлөлт үзүүлсэн нь 100 хувь үр дүнтэй байжээ.

“Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх арга хэмжээг 2020 оныг дуустал үргэлжлүүлнэ” арга хэмжээний хүрээнд

2020 онд жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг, дунд 15171 аж ахуйн нэгжийг 2020 он дуусталх хугацаанд 116.9 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлсөн байна. (Үр дүн 100 хувь, Сангийн яам).

”Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод 2020 оныг дуустал татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн үзүүлнэ” арга хэмжээний хүрээнд

2021 онд 4165 аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод 2021.07.01-ний өдөр хүртэл 1.1 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг үзүүлсэн байна. (Үр дүн 100 хувь, Сангийн яам)

”Цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд зарцуулах зорилгоор Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ” арга хэмжээний хүрээнд

нөөц сангийн хөрөнгөөс 2021 онд 64.9 тэрбум, 2022 оны 14.5 тэрбум, 2023 онд 3.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. (Үр дүн 100 хувь, Сангийн яам)

“Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд бүрэн хамруулна” арга хэмжээний хүрээнд

2021 онд 2-11 насны 347763 хүүхэд, 2022 онд 1-5 насны 248562 хүүхэд, 2023 онд 2-5 насны 154042 хүүхэд вакцинд хамрагдсан байна. (тодорхой үр дүнд хүрсэн, 94 хувь, ЭМЯ)

“Шилжин ирэгчдийг КОВИД-19-ийн хариу арга хэмжээнд хамруулахад чиглэсэн судалгаа хийх, нутагтаа шилжиж ирсэн хүмүүсийн нөхцөл байдлыг үнэлэх, нийгмийн ажилтнуудад сургалт явуулах, төрийн бус байгууллагуудын үйлчилгээг дэмжих, мэдээллийн кампанит ажил явуулна” арга хэмжээний хүрээнд

2021 онд 325.0 тэрбум төгрөг, Гадаадын зээл, тусламж (НҮБ (ОУШХБ))-ийг олгогдсон байна (Үр дүн 100 хувь, Шадар сайд).

“Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангана” зорилтын дараах 3 арга хэмжээ, зорилтын 1 арга хэмжээ санхүүжилт батлагдаагүй, эрх хүлээн авагч татан буугдсан, зохион байгуулалт хангалтгүй шалтгаанаар зорилтот үр дүнд хүрээгүй байна. Тухайлбал:

“Шаардлагатай аймгуудад зоонозын өвчин судлалын төв, хил дагуух боомтод тандалтын нэгж байгуулна” арга хэмжээний хүрээнд

2021 онд Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод коронавируст халдварын идэвхтэй тандалтын нэгж байгуулсан. /2 боомт/ 2022 онд тооцоо судалгаа хийж ЗГХЭГ-т хүргүүлсэн боловч буцаагдсан байна. Тооцоо судалгаа дутуу хийгдсэн. /үр дүнгүй 0, ЭМЯ/

“Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулна” арга хэмжээний хүрээнд

2022 онд тендерийг зарласан боловч тендерт оролцогч нар тендерийн шаардлага хангаагүй, 2023 оны улсын төсөвт санхүүжилт батлагдаагүй тул хэрэгжээгүй. /Үр дүнгүй 0, ЭМЯ/

”Анод, Зоос банкуудын эрх хүлээн авагчдаас авах төрийн байгууллагуудын авлагыг Монголбанканд шилжүүлнэ” арга хэмжээний үр дүн гараагүй.

Анод банк, Зоос банкны эрх хүлээн авагч татан буугдсан шалтгаанаар Сангийн яамнаас Засгийн газрын авлагыг барагдуулах тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй (үр дүнгүй 0, Сангийн яам) гэж дүгнэжээ.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 4,837.2 тэрбум, гадаадын зээл тусламжаас 245.7 тэрбум нийт 5,142.3 тэрбум төгрөг баталсан байна. Үүнээс улсын төсвөөс 4,687.1 тэрбум, гадаадын зээл тусламжаас 590.5 тэрбум нийт 5,321.2 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.

Дараах арга хэмжээнүүд санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүй, хамтран хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа, холбоогүй байдал, худалдан авах ажиллагаатай холбоотой зохион байгуулалт хангалтгүй зэрэг шалтгаанаар зорилтын үр дүн хангагдаагүй байна. Тухайлбал:

-“Эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулна” арга хэмжээ (үр дүнгүй 0, ЭМЯ)

-“Зүрх судасны төв байгуулна” арга хэмжээ (үр дүнгүй 0, ЭМЯ)

-“Халдварт өвчин судлалын үндэсний тевийн цогцолбор салбар II байгуулна” арга хэмжээ (үр дүнгүй 0, ЭМЯ)

-“Хавдар судлалын үндэсний төвийн салбар II байгуулна” арга хэмжээ (үр дүнгүй 0, ЭМЯ)

-“Баянзүрх дүүрэгт 300 ортой эмнэлэг барина” арга хэмжээний хүрээнд зураг төсөл гүйцэтгэгчтэй 2021 оны 09 дүгээр сард гэрээ хийсэн боловч газрын байршил өөрчлөгдсөн, газар чөлөөлөлттэй холбоотойгоор ажил удааширсан байна. (үр дүнгүй 0, ЭМЯ)

-“Сүрьеэгийн эмнэлэг барьж, ашиглалтад оруулна” арга хэмжээний хүрээнд 2019 онд зураг төсөл, ТЭЗҮ батлагдаж худалдан авах ажиллагааг зарласан ч маргаан гарч шүүхийн эцсийн шийдвэр 2023 оны 04 дүгээр сард гарсан байна. (үр дүнгүй 25, ЭМЯ)

-“Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашгийн судалгаа хийнэ” арга хэмжээний хүрээнд үр ашгийн судалгаа хийгээгүй байна. (үр дүнгүй 0, ЭМЯ)

-“Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах лавлагаа төвийн чадавхыг нэмэгдүүлж, аймаг, дүүрэгт нийгмийн эрүүл мэндийн төв байгуулна” арга хэмжээ хэрэгжээгүй буюу 2021-2023 онд Нийгмийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулаагүй байна. (үр дүнгүй 0, ЭМЯ)

-“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлнэ” арга хэмжээ (үр дүнгүй 0, ЭМЯ)

-“Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын өргөтгөл барина” арга хэмжээний хүрээнд “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн барилгын өргөтгөл”-ийн зургийн зөвлөх компани “Татах хүч” ХХК шалгарснаас өөр тодорхой ажил хийгдээгүй байна.

Үргэлжлэл бий…
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу