“Basketball Champions League Asia” буюу Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн дөрөвдүгээр сарын 3-7-ны хооронд Улаанбаатар хотноо эхлэх гэж буй. 

Тус тэмцээнд энэ жилийн Үндэсний дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон мөнгөн медаль хүртсэн Бишрэлт Металл багууд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөнө.

Хасын хүлгүүд багт Т.Санчир эргэн нэгдэж, тус тэмцээнд оролцохоор болжээ.

Монголын бүх цаг үеийн шилдэг тоглогчдын нэг Т.Санчир анх 2011 онд Хасын Хүлэгүүд багт нэгдэж, лигийн анхны түрүүгээ хүртсэн. Үүний дараа 2013, 2016 онуудад дахин нэгдэж, аварга авч байлаа. Тэрбээр ийнхүү дөрөв дэх удаагаа “хүлэгүүд”-тэй нэгдлээ. 

Т.Санчир дээд лигийн өнгөрсөн улирлыг “Эрдэнэт Майнерс” багтай эхлүүлсэн ч дасгалжуулагчтайгаа таарамжгүй харьцаатай болсны улмаас улирлын дундуур “Налайх Бизон” баг руу шилжиж, гурван жилийн гэрээ байгуулсан билээ. Азийн аваргуудын лигийн урьдчилсан шат дууссаны дараа тэрбээр эргэн Бизон багтайгаа нэгдэх аж.

Зургаан хоногийн дараа UG arena-д эхлэх Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээнд нийт найман баг хоёр хэсэгт хуваагдан оролцоно.

А хэсэгт:

  • Монголын Бишрэлт Металл
  • Хонг Конгийн Истерн
  • Малайзын НС Матрикс Дирс
  • Индонезийн Правира Харум Бандунг багууд багтсан

Б хэсэгт:

  • Монголын Хасын Хүлэгүүд
  • Тайландын Хай-Тек
  • Сингапурын Адройт
  • Индонезийн Пелита Жаяа багууд багтжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу