УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг нар мэдээлэл хийж, Улсын Их Хурлын “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулж, нотлох баримт гаргаж өгөхгүй байгаа байгууллага, албан тушаалтнуудыг зарлалаа. 

УИХ-ын 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 60-р тогтоолоор Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг хянан шалгах үүрэг бүхий Түр хороо байгуулагдан ажиллаж буй. Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нарын гишүүд ажиллаж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга, Ж.Чинбүрэн “Түр хороонд таван хянан шалгагч, зургаан шинжээчийг томилон ажиллуулж байна. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнуудаас нотлох баримтыг цуглуулж, шинжлэн судалж байна.

Нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг бид гуравдугаар сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн боловч зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримтыг гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх зэргээр хянан шалгах хорооны үйл ажиллагаанд саад учруулж байна.

Энэ бол УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний асуудал” хэмээн хэлээд чухал баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа хүмүүсийн нэрийг зарлалаа. Тэрбээр,

1. “Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт зайлшгүй шаардлагатай эмийн 8-10 дугаар жагсаалт, хүүхдийн 1-3 дугаар жагсаалттай холбоотой нотлох баримт гаргуулахаар 3 удаа албан бичиг хүргүүлсэн. Гэвч эрүүл мэндийн яамны архивт байхгүй. 

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс аваарай гэх хариу өгсөн. Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн даргаар Д.Энхжаргал гэдэг хүн ажилладаг. Тэр хүн давхар эмийн холбооны тэргүүн, АШУҮИС-ийн эм зүйн тэнхимийн багшаар ажилладаг юм билээ. 

Уг зөвлөлд дахин бичиг явуулахад хариуцсан ажилтан нь “Архивт байхгүй. Гар ноорог байгаа. Эрүүл мэндийн яаманд байх ёстой. Би эмнэлэгт хэвтсэн” гэх зэргээр нотлох баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөхгүй байна.

Бид уг нь зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, 2024 онд 140 тэрбум олгож иргэдэд нэн шаардлагатй эмийг хөнгөлсөн жагсаалтыг хэрхэн баталсан, батлах явцад ашиг сонирхлын зөрчил байсан эсэхийг тодруулах гэтэл чухал баримтуудыг шаардсан юм” хэмээн хэллээ. 

2. Эрүүл мэндийн яамны харьяа Гэмтэл согог судлалын үндэсний төв, Цус сэлбэлтийн үндэсний төв, Өргөө амаржих газар, Дөрөвдүгээр амаржих газрууд өнөөдрийг хүртэл эмийн худалдан авалтын судалгаа, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй. Ер нь хулгайнуудыг харахад улсын баялгаас, эсхүл нийлж тендер хулгайлж байна. Үүнийг шалгах гэхээр материалаа ирүүлэхгүй байна.

3. Архангай, Баянхонгор, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Ховд зэрэг аймгуудын Засаг дарга нараас мөн холбогдох нотлох баримтуудыг ирүүлээгүй.

4. Нийгмийн эрүүл мэндийн газар, Завхан, Говь-Алтай, Төв аймгийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлээгүй.

Түүнчлэн Хянан шалгах түр хороонд ирүүлсэн нотлох баримтууд мөнгөн дүн алдаатай, шаардсан нотлох баримтуудыг дутуу ирүүлэхээс гадна УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Тиймээс нотлох баримт ирүүлээгүй холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу