ОХУ өнгөрсөн Лхагва гарагт Украины зүүн хойд хэсгийн Харьков хотод агаараас цохилт өгөхдөө шинэ төрлийн, алсын зайн удирдлагатай бөмбөг ашигласан байж магадгүй гэж орон нутгийн албаныхан мэдэгджээ.

Орос 2022 оноос Украинд халдан довтолж буй бөгөөд Харьковт өгсөн сүүлийн цохилтод 19 хүн өртсөнөөс дөрөв нь хүүхэд, түүний дотор гурван сартай нярай байсан аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг халдлагыг “Оросын терроризм” хэмээн буруушааж, Харьковын Цагдаагийн газрын дарга Владимир Тимошко Москва “UMPB D-30” гэх шинэ төрлийн удирдлагатай бөмбөг ашигласан байж магадгүй гэж мэдэгджээ.

Бүс нутгийн амбан захирагч Олех Синехубов Москва шинэ төрлийн бөмбөг ашигласан байж магадгүй гэж үзэж буйгаа хэлээд, “Оросууд шинэ төрлийн бөмбөгөө орон сууцан дээр туршихаар шийдсэн бололтой” гэж мэдэгдсэн байна.

ОХУ энэ талаар тайлбар хийгээгүй байгаа аж. Оросын тал дайны улмаас олон мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэргүй болж, хот, суурин сүйрч байгаа ч “Оросууд энгийн иргэдийг онилж байна” гэсэн мэдээллийг үгүйсгэжээ.

Сынахубов Telegram мессенжерээрээ дамжуулан “Хоёр орон сууцны барилга, нэг эмнэлгийн байгууллага хэсэгчлэн сүйрч, боловсролын байгууламж зэрэг нийт 14 барилга эвдэрч сүйдсэн” гэж мэдэгдсэн байна.

Харьков хотын дарга Игорь Терехов мөн Telegram хуудастаа шөнийн 00.00 цагаас хойш зоогийн газрууд эвдэрч сүйдэн, зэргэлдээх байшингийн цонхууд хагарсан тухай мэдээлжээ.

Харьков мужийн прокурорууд “Харьковын зүүн өмнөд хэсэгт орших Борова хотыг Оросын зэвсэгт хүчин их буугаар буудаж, 12 настай хүү амиа алдсан” гэж мэдээлсэн байна. Цагдаа нар агаарын цохилтод өртөж, цонхууд нь яйрч, тагт нь эвдэрсэн таван давхар орон сууцны барилгыг бүслэн хаажээ.

Зеленский хотын эсрэг ‘Оросын терроризм’ улам бүр аймшигтай болж байгааг хэлээд, Украины холбоотнууддаа агаарын довтолгооноос хамгаалах болон сөнөөгч онгоцуудыг нэмж нийлүүлэхийг уриалсан байна.

Тэрбээр “Дэлхий даяар элбэг байдаг патриотууд (пуужингууд) Оросын алан хядагчдын довтолгоонд өртөж буй Харьков болон бусад хот, суурингуудын тэнгэрийг яагаад “бүрхэхгүй” байна вэ гэдэгт үндэслэлтэй тайлбар алга” гэж хэлжээ.

“UMPB D-30”-ийн талаар

Оросууд 2022 оноос хойш анх удаа Харьков хотод агаараас цохилт өгч, тус хотын Шевченко дүүрэг халдлагад өртсөн байна. Тус бүс нутгийн Үндэсний цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга Сергей Болвинов хэлэхдээ “Дайсан FAB-250 (Зөвлөлтийн зохион бүтээсэн, 250 кг жинтэй, ерөнхий зориулалтын агаарын бөмбөг)-ийн үндсэн дээр хийгдсэн UMPB D-30 SN сумаар довтолсон” гэжээ.

Эх сурвалж: REUTERS, 24TV
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу