УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр CU, GS25 сүлжээ дэлгүүрүүдийн талаарх байр сууриа илэрхийлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тэгвэл тэрбээр энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өглөө. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-GS25, CU зэрэг гаднын сүлжээ дэлгүүрүүд манай улсын зах зээлд орж ирснээр үйлчилгээний соёл хэвшүүлэхээс эхлээд эерэг үр дагавар гарсан. Үүнийг дэмжиж байгаа.

Гэхдээ нөгөө талаас, дундаж давхаргын олон мянган иргэдийн амьдралаа залгуулдаг жижиг худалдааны газрууд хүнд байдалд орж байна. Тийм учраас дотоодын зах зээлээ хамгаалах нь их чухал байгаа юм.

Дэлхийн бүх улсад дотоодын зах зээлээ хамгаалах бодлого байдаг. Жишээлбэл, Араб улсад гэхэд хэрвээ зах зээлд нь гаднын том сүлжээ орж ирж байгаа бол тэр сүлжээний тодорхой хувийг Араб улсын иргэн эзэмшсэн байх ёстой гэж заасан байдаг.

Гэтэл манайд ийм зохицуулалт байхгүй. Орж ирж байгаа гаднын үйлчилгээний байгууллагын 50-иас дээш хувийг нь гадаад иргэн эзэмшээд, үлдсэн 50-иас бага хувийг нь монголын компани эзэмшсэн байдаг. Ийм тохиолдол олон бий.

Тэгэхээр Араб гэх мэт дэлхийн бусад орнууд шиг нийтийн эрх ашиг, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого боловсруулах хэрэгтэй байгаа юм. 

Өмнө нь Өргөдлийн байнгын хороо гэж байхад үүн шиг нийтийн эрх ашгийг хамгаалах асуудлуудаар олон мянган хүний гарын үсэгтэй бичгүүд ирээд, түүнийг нь Өргөдлийн байнгын хороо хэлэлцэж, зохих үүрэг чиглэлийг нь яамдад хүргүүлдэг байсан. Гэтэл одоо энэ байнгын хороо байхгүй учир иргэд хаана хандахаа мэдэхгүй байна. 

Жишээлбэл, Хаана хандахаа мэдэхгүй олон иргэн надад хандсан. Найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг, жижиг цайны газар ажиллуулдаг хүмүүс зээлд хамрагдах гэхээр олдохгүй, олдохоороо маш өндөр хүүтэй байна гэсэн. 

Монголын төр яагаад бусад улсууд шиг дотоодын худалдаа эрхлэгчдээ хамгаалахад анхаарахгүй байгааг Эдийн засгийн байнгын хорооны хуралд хэлсэн юм. Төр шууд оролцох хэрэгтэй гэж хэлээгүй, зохицуулах бодлого л хэрэгтэй байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар, ХХААХҮ-ийн яам зэрэг газрууд энэ асуудалд анхаарах нь зүйтэй.

Том бизнесээ дэмжих нь ойлгомжтой. Гэхдээ жижиг бизнес эрхлэгчдээ орхиж болохгүй. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу