Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо нь Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн Боловсролын газартай хамтарч “Сурагчийн замын хөдөлгөөний аюулгүй байдал ” сэдэвт сургалтыг ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулж байна. 

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улсын сургуулиудад энэхүү сургалт амжилттай хэрэгжиж буй бөгөөд энэ удаад Шинэ монгол Харумафүжи сургуулийн ахлах, дунд ангийн нийт мянга гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа. Өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцохдоо тэр бүр анзаардаггүй чухал зүйлсийг хөндөн ярилцлаа хэмээн оролцогч хүүхдүүд ярьсан юм. Тус сургуулийн хувьд жил бүр дулааны улирлын өмнө сурагчдад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг ажээ.

Он гарсаар улсын хэмжээнд зам тээврийн осолд 96 хүүхэд өртөж гэмтсэн бол дөрвөн хүүхэд амиа алдсан гэх харамсалтай тоо гарчээ. Сурагчийн аюулгүй байдлыг хангах үүднээс зөвхөн цагдаагийн байгууллагаас сургалт, зөвлөгөөн зохион байгуулах бус багш нар нь сургуулийн орчинд сургалт явуулах нь зүйтэй хэмээн үзэж Тээврийн цагдаагийн албанаас шат дараатай арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ. Улмаар Тээврийн цагдаагийн алба, Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо, Нийслэлийн боловсролын газартай хамтран нийслэлийн хэмжээнд 205 сургуульд сургагч багшийг бэлтгэн сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сургалт, мэдээллийг өгч эхэлжээ.Дэлхийн жишгээр бол сургуулийн өмнөх боловсролоос эхлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар сургаж эхэлдэг. Харин манай улсын хувьд дунд сургуулийн наснаас эхлэн заадаг ч ихэвчлэн ногоон гэрэл, цагаан шугамаас илүү лавшруулан заадаггүй. Иймээс сургагч багш болон авто сургалтын байгууллагын мэргэшсэн дүрмийн багшаар сургалт явуулах нь үр дүнтэй хэмээн сургалт зохион байгуулагч талууд үзэж байгаа аж.

Мөн Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбоо нь цаашид ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт замын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрмийн хичээлийг оруулбал холбооны 400 гаруй багш, боловсон хүчин хангалттай хэмээн мэдэгдсэн юм. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч болон замын хөдөлгөөнд оролцогчдын суурь мэдлэгийг дээшлүүлэх бүх талын үйл ажиллагаанд жолооны сургалтын байгууллага, мэргэшсэн багш нар хамтарч ажиллахад бэлэн гэдгийг онцолж байлаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу