Оросын зах зээлээс гарсан гадаадын компаниудын хохирол 2022 оны хоёрдугаар сараас хойш 107 тэрбум ам.доллар давжээ. “Reuters” агентлагийн сэтгүүлчид тус компанийн тайланд дүн шинжилгээ хийсний дүнд ийнхүү мэдээлсэн байна. Энэ нь алдагдсан орлого бөгөөд Оросын хөрөнгийг компаниудын балансаас хассантай холбоотой аж.

Тус агентлагийн мэдээлснээр, Оросын тусгай ажиллагаа Украинд 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш дэлхийн корпорациуд санхүүгийн хувьд хэр их хэмжээний хохирол хүлээж буйг харуулж байгаа үзүүлэлт юм байна.

“S-RM” зөвлөх компанийн төлөөлөгч Иан Масси “Оросыг орхихыг эрмэлзсээр байгаа компаниуд нэмэлт бэрхшээлтэй тулгарч, их хэмжээний хохирол амсах магадлалтай” гэж мэдээлжээ.

Йелийн Удирдлагын сургуулийн тайланд дурдсанаар, сүүлийн хоёр жилийн хугацаанд 1000 орчим гадаадын компани Оросын зах зээлийг орхин гарсан байна. Үүний зэрэгцээ Францын конгломерат “Auchan”, Италийн хувцас үйлдвэрлэгч “Benetton” групп зэрэг олон зуун компани байр сууриа хадгалсаар иржээ.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гадаадын олон үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүн нь Оросын жирийн хэрэглэгчдэд хэрэгтэй тул “ОХУ дахь бизнесийн үйл ажиллагаагаа бууруулахгүй” гэж мэдэгдсэн байна.

Масси “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Барууны орнууд шударга бус, ардчилсан бус” хэмээн буруушааж, үнэмлэхүй ялалт байгуулснаар дахин сонгогдсон. Одоо хөрөнгөө хураах, улс төрийн дарамт шахалт үзүүлэх зэргээр барууны орнуудаас цаашид тусгаарлах бүрэн эрхээ сэргээж байна” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу