Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай ярилцлаа.
-Засгийн газраас мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон 20 мянган тонн баяжуулсан гурилыг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх санал боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2024.03.28)-ийн нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ. Энэ хуулийн төслийн талаар ярилцъя?
-Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн санаачилсан. УИХ-ын 36 дугаар тогтоол гарсан нь гол нэрийн барааг дотоодоос хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах зорилготой. Гэтэл өнөөдөр дотоодын хэрэгцээний 70-100 хувийг жилд хангадаг газар тариалан, цөөн гурил үйлдвэрлэгчдийн эсрэг бодлого яригдаж байгаа нь харамсалтай. Ялангуяа баруун аймаг, төвийн зүүн бүсээс гурил 20 хувиар илүү үнэтэй байсан нь үнэн.
Яамнаас тодорхой хэмжээний үнийн интервенц хийх байдлаар тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьсан. Энэ нь явцын дунд эсрэгээр эргэж, импортын гурилд квот тогтоохгүй тухай хуулийн төслийг хэмжээгүй оруулж ирэх тухай болж хувирсан. Хэрэв ямар нэгэн хязгаарлалтгүй гурил импортолбол газар тариалан уналтад орно. Уналтад орвол ганц, хоёр жилийн дотор сэргэхгүй. Стратегийн хүнс учраас гаднын хараат болно.
“БИДНИЙ САНААЧИЛСАН, ГУРИЛЫГ КВОТТОЙ БОЛГОХ ТУХАЙ САНАЛЫГ ЗГХЭГ ГУРИЛ ХЭМЖЭЭГҮЙ ИХЭЭР ИМПОРТЛОХ БОЛГОЖ ОРУУЛСАН”
-Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “улаанбуудайн гурил нь монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай стратегийн хүнсний нэг” гэж заасан байдаг. Хэн гурилыг квоттой болгох тухай саналыг гурил их хэмжээгээр импортлох болгож оруулж ирсэн хэрэг вэ?
-Бидний санаачилсан, гурилыг квоттой болгох тухай саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар гурил хэмжээгүй ихээр импортлох болгож оруулсан. Стратегийн хүнсээр гаднаас хараат болохгүй байх нь Монгол Улсын үндсэн зарчим болох ёстой. Өөрөөр хэлбэл, стратегийн бүтээгдэхүүн гурилыг гаднын хараат болгож болохгүй. Зарим хүмүүс энэ асуудлыг улс төржүүлж, ойлголтын зөрүү ч байна. Зарим гишүүдэд буруу ойлголт өгч байна.
-Гурилын үйлдвэрүүдэд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосноос салбарын сайд Х.Болорчулууны хамаарал бүхий “Дорнод гурил“ ХХК 10.5 тэрбум төгрөг авсан гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? Энэ талаар та ямар тайлбар хэлэх вэ?
-Хоёр жилийн өмнө гурилын үнийг тогтворжуулахын тулд хөнгөлөлттэй зээл олгоход тавхан гурилын үйлдвэр энэ зээлийг авсан юм билээ. Үйлдвэрлэгчид 50 хувиар зардал нь өссөн байхад 10 хувийн хөнгөлөлттэй зээлээр үнэ барьж чадахгүй татгалзаж байсан. Хүнсний хангамж, аюулгүй байдлын 30 дугаар тогтоолын хүрээнд зөвхөн гурил биш, хүнсний бүх төрлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн бүх компани 6 хувийн хүүтэй зээл авсан.
Гэтэл зөвхөн гурил үйлдвэрлэгчид зээл авсан мэтээр олон нийтэд мэдээлж байна. Зөвхөн өнгөрсөн жил хөнгөлөлттэй зээл авсан компанийн зээлийн хүүгийн зөрүү 900 тэрбум төгрөг болсон. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын зээл их эзэлсэн нь харагдаж байгаа юм. Үүний дотроос гурилын үйлдвэрийг ялгаад байна.
-Таныг Засгийн газрын шийдвэрийн эсрэг байж, үйлдвэрлэгчдийг хүчтэй өмгөөлж, хамгаалж байна гэж шүүмжлэх болсон. Салбарын сайд таныг гурилын үйлдвэртэй учраас эрх ашгийн зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй хэмээн үзэх хүн олон байна. Та сайд болсноосоо хойш “Дорнод гурил” компанийн хувьцааг эзэмшиж байна уу? 
-Би Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар том эрх ашгийн төлөө үйлдвэрлэгчдээ хамгаалах үгээ хэлнэ. Бодлогоо ч явуулна. Би 10 гаруй жилийн өмнө гурилын үйлдвэр байгуулж, газар тариалангийн салбарт ажиллаж байсан. Энэ бол жижиг асуудал. Манай “Дорнод гурил” бол тухайн орон нутгийн хэрэгцээг л хангадаг жижиг компани. Улаанбаатар болон “Алтан тариа “ ХХК-тай харьцуулахад зургаа дахин жижиг. Үүнийг хутгах хэрэггүй. Сайд болсноосоо хойш “Дорнод гурил” компанийн хувьцаагаа бусдад зарсан.
“ҮЙЛДВЭРЛЭГЧИД 700 МЯНГАН ТӨГРӨГӨӨР УЛААНБУУДАЙ АВЧ, 2.8 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРДАГ ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ”
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас газар тариалан, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэгчдэд татаас өгч, үргэлж дэмжсээр ирсэн. Жил бүр газар тариалан эрхлэгчдэд урамшуулал олгодог ч үр дүн төдийлөн харагддаггүй. Гурилыг импортын татвараас чөлөөлөхтэй зэрэгцэн газар тариалангийн салбар уналтад орох вий гэсэн болгоомжлол байна. Тийм эрсдэл бий юү? 
-Газар тариалан бүх юмны үндэс. Газар тариалан байж байж л мал аж ахуй хөгжинө. Иймээс газар тариалантай бүх улс орон татаас өгдөг. Эрс тэс уур амьсгалгүй орон хүртэл татаас өгдөг. Хэрэв газар тариалан уналтад орвол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарласан “Хүнсний хувьсгал” уучлаарай, хэрэгжих боломжгүй.
Энд буруу ойлголт байна. Үйлдвэрлэгчид 700 мянган төгрөгөөр улаанбуудай авч, 2.8 сая төгрөгөөр зардаг тухай асуудал. Үүнийг өнгөц харвал ямар өндөр ашигтай юм бэ гэж бодно. Энэ бол худлаа мэдээлэл. 700 мянган төгрөг бол гурван жилийн өмнөх буудайн үнэ.
Өнгөрсөн жил зөвхөн тэжээлийн будаа 800 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Будаа нь нэг саяас нэг сая 250 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр зарж буй нэгдүгээр зэргийн гурилыг 1900-2100 төгрөгөөр бөөндөж байна. Дундаж ашиг нь 5-6 хувьтай байхаас биш инфляцын түвшин 15 хувьтай байгаа тохиолдолд дабльдсан өндөр ашиг байхгүй. Хэрэв тийм өндөр ашигтай байсан бол арав гаруйхан жилийн өмнө байсан 20 гаруй гурилын үйлдвэр яагаад 10 болов. Яагаад хаалгаа барив.
-ШӨХТГ-ын дарга Б.Билгүүн өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийхдээ “Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, “Монгол гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоо” гэх ТББ-аараа дамжуулан үнээ тохирдог” гэж мэдээлсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ? 
-Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдана гэж байхгүй. Зах зээлийн нийгэмд гурав, дөрвөөс дээш аж ахуйн нэгж ажиллаж байхад өрсөлдөөн байхаас биш, үгсэн хуйвалдах асуудал байхгүй. Тэгэхээр 10 гурилын үйлдвэр үгсэн хуйвалдах ямар ч боломжгүй. Иймээс худлаа дүгнэлт гаргасан. Гадуур цацагдаж буй мэдээлэл бүгд худлаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоохгүй, зах зээлээрээ тогтдог эд.
-Та улаанбуудайн чанар хөрсний доройтлын улмаас муудаж байна гэж ярилаа. Бэлчээрийн даац ч хэтэрсэнийг хэн хүнгүй хэлж, ярьсаар ирлээ. Шийдэл алга. Одоо яах вэ? 
-Тооны хойноос хөөцөлдөх биш, чанартай тодорхой хэмжээний малтай байхыг хатуу сануулж байна. Ялангуяа малын тоо 70 сая толгойд хүрлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар хөрсний даац хэтэрсэн. Энэ жилийн зуд хатуу сануулга боллоо. 2011 оноос хойш ийм хатуу өвөл болоогүй. Хамгийн ихдээ 25 градусаас хэтрээгүй. Малчид тайвширч, малаа  чөлөөтэй өсгөх үндэс болсон. Энэ цаг уур хэзээ ч зуд ирж болзошгүйг харууллаа.
“ҮҮЛЭН ГӨҮ” КОМПАНИЙН 60 ТОНН МАХЫГ УСТГАЛД ОРУУЛСАН”
-Тариалангийн талбайг малаас хамгаалах, механизмыг бүрдүүлэх гэх зэргээр газар тариалангийн салбарын бодлого “бай”-гаа хэр онодог юм бол. Энэ жил газар тариаланг малаас хамгаалахын тулд хашаажуулж, дахин мөнгө зарлагадах нь. Төр хашаа барина, малын хөлөөс хамгаална гэх зэрэг аж ахуйн асуудлаас илүү бодлогын түвшинд анхаарах ёстой болов уу. Та юу хэлэх вэ? 
-Төр газрынхаа үржил шимийг алдагдуулахгүй байхад анхаарах ёстой байдаг. Төр хашаа барихад оролцохгүй. Хашаа барих хүмүүст багахан дэмжлэг өгөх 33 дугаар тогтоолд төсөв зардал тавигдсан.
-Онцгой байдлын ерөнхий газраас хамгийн сүүлд зудад нийт 5.1 сая мал хорогдоод байгаа талаар мэдээлсэн. Эдийн засагчид энэ жил байгалийн гэхээс илүү менежментийн гамшиг нүүрлэснийг хэлж байна. Салбарын яам бэлтгэлээ сайтар базааж амжсан байсан уу?
-Салбарын яам бэлтгэлтэй байсан. Яамнаас өнгөрсөн жил бүх төрлийн махыг квотгүй болгосон. Нэг цонхны бодлогоор түргэн шуурхай экспортод гаргадаг болгосон. Үр дүнд нь Монгол Улс түүхэндээ анх удаа 120 мянган тонн мах гаргалаа. Энэ бол малчид зудаас тодорхой хэмжээнд сэргийлэхэд нөлөө үзүүлсэн. Хоёрдугаарт, хадлан тэжээлийг зүүн гурван аймгаас л бусад аймаг бэлддэг байсан.
Хятадууд техниктэй орж ирээд, Халх гол, Мэнэн, Эрдэнэцагаанаас маш их өвс, дунджаар 70 мянга орчим өвс хадсан байсныг яам хилээр гаргахгүй, хориг тавьсан. Өвсийг дотоодод хадгалсан нь энэ жилийн хавар аймгуудад ус, агаар шиг хэрэг боллоо. Эндээс л бүх аймгаас өвс татлаа. Зудын эрсдэлийг давахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн.
-Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, улсын хэмжээнд 2024 оны нэгдүгээр сард хонь, ямааны махны экспорт 2 592.7 тонн болж, өмнөх оны мөн үеэс 134 дахин буюу 2 573.3 тонноор өссөн байна. Цаашид махны экспорт буурах төлөв ажиглагдаж байна уу? 
-Махны экспорт гардгаараа гарна. Хавар нэг, хоёр сар гаруйн хугацаанд тодорхой хэмжээгээр өсөж, дараа нь буурна.
-Хэд хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт, БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай, “Монгол бугат тал нутгийн хүнс” компани зудын улмаас зүй бусаар хорогдсон малын махаар бөөрөнхий мах хийж байсныг мэргэжлийн байгууллагууд илрүүлсэн байсан. Салбарын яамнаас үхсэн малын мах, муудсан махны асуудалд анхаарлаа хандуулж байна уу? 
-Хятадуудад нэг хэсэг манайх махны зах зээлээ алдсан гэж хэлж болно. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтран улсын хэмжээний үйлдвэрүүдэд аттестатчлал явуулж, шаардлага хангахгүй 40 үйлдвэрийг хаасан. Хоёрт, хэдхэн хоногийн өмнө “Үүлэн Гөү” компанийн 60 тонн махыг устгалд орууллаа.
Цаашид мал, мах, махан бүтээгдэхүүн гаргах шаардлага хангасан махны үйлдвэрүүдийг хятадууд дураараа сонгох биш, стандартын шаардлага хангасан үйлдвэрүүд санал болгоно. Энэ тал дээр яам бодлого барьж байна. Ер нь мах стандартын шаардлага хангаагүй орчинд л мууддаг. Иймд стандартын шаардлагыг хатуу мөрдүүлнэ.
-Баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу