Монгол Улсын хэмжээнд 586 гол ширгэж, 480 булаг хатаж, 1522 булаг шандны эх ширгэсэн гэх тоо баримт байдаг. Энэ нь бэлчээрийн доройтлыг илэрхийлэх хамгийн энгийн баримт. Бэлчээрийн тухай хууль төдийгүй мал аж ахуйн менежментийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм.

“Бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр (2023.03.22) зохион байгуулжээ.

Монголын Бэлчээрийн нэгдсэн холбооны “Бэлчээрийн судалгаа хөтөлбөр”-ийн захирал, доктор Д.Булгамаа хэлэлцүүлэгт дурдахдаа:

Монгол Улс  нийт 156,411.6 км2 талбайн нутаг дэвсгэрийн 109,584.6  буюу 70.1 хувийг бэлчээр эзэлдэг. Бэлчээрийн боломжит даац нь хонин толгойд шилжүүлэхэд 86 сая байх ёстой ч 2022 оны байдлаар малын тоо  120,7 сая хонин толгой болоод байна.

Сүүлийн 30 жил бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийн 65 хувь өөрчлөгдөж харилцан адилгүй түвшинд доройтсон. Бэлчээрийн ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг өөрчлөн зохицуулбал нийт доройтсон бэлчээрийн 80 гаруй хувь нь байгалийн аясаараа сэргэх боломжтой байгаа. Мөн жил бүрийн мониторингийн дүнгээс үзэхэд ялангуяа ойт хээрийн бүс, хот, суурин газрын орчмоор доройтол илүү эрчимчиж, малынхаа тоо толгойг даацанд тохируулах, зохицуулах шаардлагатайг малчид ойлгодог, ярьдаг ч юунаас эхлэх, даацаас хэтрээд байгаа малаа хэрхэх талаар ойлголт мэдлэг нимгэн байгааг тэмдэглэжээ.

Бэлчээрийн доройтлыг даган малчдын амьжиргаа,  мал аж ахуйн үйлдвэрлэл тогтворгүй, бүтээмж доогуур, уур амьсгал, байгалийн эрсдэлд улам бүр эмзэг болж байна. Бий болсон нөхцөл байдал залуучуудыг мал маллахаас татгалзахад хүргэж, малчдын залуу халаа тасарч байгаа юм.

Монгол Улсын бэлчээр харилцааны эрх зүйн зохицуулалтад баримтлах бодлого хэт ерөнхий, зарчим нь тодорхой бус байдаг. Бэлчээрийн талаарх олон улсын хөгжлийн чиг хандлагыг баримтлахгүй хоцрогдсон, бэлчээрийг төлөвлөлттэй ашиглах талаарх заалт тодорхойгүй, бэлчээрийг үнэ төлбөргүй сорчлон ашиглах нөхцөлийг бий болгосоор ирсэн.

Мөн бэлчээрийн хил заагийг тогтоох зарчим, үндэслэлийн талаарх зохицуулалтгүй, малчин, мал бүхий иргэн, малчин өрх, тэдний хамтын зохион байгуулалтын хэлбэр, түүний эрх зүйн статусыг хуульчилсан зохицуулалт тодорхойгүй. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал бэлчээр зохион байгуулалтын талаар тусгагдаагүй газар зохион байгуулалтын төлөвлөлтийг баталж хэвшсэн. Бэлчээрийн харилцааны удирдлагын тогтолцоо оновчтой бус, бэлчээрийн харилцаанд оролцогч субъектэд хүлээлгэх хариуцлага сул байна гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу