Гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудал өндрөө аваад байна. Тодруулбал, Засгийн газраас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй.

Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Бүх үе шат бүртээ дэмжлэг, хөнгөлөлттэй зээл авч, эцсийн бүтээгдэхүүн болсон “Алтан тариа” ХХК-ийн дээд гурил 1 кг нь 2300 орчим төгрөг. Гэтэл адилхан бүх үе шатаа дамжсан, хэдэн мянган км тээврийн зардал шингээсэн импортын дээд гурил 1500-1800 төгрөг байна” хэмээсэн билээ.

Мөн “Ургац хүдэр” ХХК-ийн захирал, тариаланч Л.Цандэлэг “Гурил үйлдвэрлэгчдийн шуналаас болж гурилын үнэ жил ирэх тусам нэмэгдээд байна” гэх байр суурийг олон нийтэд илэрхийлээд буй. 

Үүнд “Алтан тариа” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн хариу өгчээ. Тэрбээр “Өмгөөлөгчтэйгөө зөвлөсний үндсэн дээр худал хуурмаг мэдээлэл тарааж, компанийн болон миний нэр хүндэд халдсан энэ хоёр хүнийг эхний ээлжинд шүүхэд өгөхөөр шийдлээ. Шүүх дээр уулзацгаая. Баримтаа бэлдээрэй.

Хүнсний үйлдвэрлэл уул уурхай, банк санхүү шиг өндөр ашигтай ажилладаг салбар огт биш. Тайлан балансаас нь харж болно. Гурилын үйлдвэрлэл рүү эрээ цээргүй дайрч, доромжилж, худал хуурмаг тарааж, нэр хүндэд халдсан энэ хоёр хариуцлага хүлээх болно” хэмээн твиттер хаягтаа жиргэсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу