УИХ-ын чуулганы өнөөдөр (2024.03.29)-ийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга) болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв. Уг төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, завсарлагын хугацаа өнөөдөр дууссан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Гишүүний асуудлыг цэцэд нь өгнө гэнэ. Ийм байж болохгүй. Үндсэн хуулийн цэцийн дээр Үндсэн хууль л байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бие даасан байдалд халдаж байна гэж харж байна” гэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Хууль санаачлагчтай ярьсан. Ардчилсан намаас өмнөх парламентад ажиллаж байсан гишүүд уг төсөл дээр эмзэглэсэн олон байр суурьтай байна. Тийм учраас бүлгээс “Үндсэн хуулийн байгууллагад өөрчлөлт оруулах асуудалд оролцох боломжгүй” гэж үзсэн. Олонхи өөрсдөө хэлэлцээд явж болно” гэж хэллээ.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хүний үндсэн эрхийг цэц дээр ярьдаг болъё гэдэг зөв. Гэхдээ уг төслийг түүхий байхад түргэн шуурхай шийдэх ёстой гээд чичирч болохгүй. Эрх барьж байгаа намын хоёрхон гишүүн санаачлаад, дангаараа хэлэлцээд батлах нь.

Хууль тогтоогчдын бүгдийнх нь оролцоог хангасан, ойлголцлын үндсэн дээр батлах ёстой хууль гэж үзэж байна. Яагаад би энэ төслийг дэмжих боломжгүй гэж үзэж байгаа вэ гэвэл Үндсэн хуулийг өөрийг нь зөрчиж байгаа заалт бий. Тодруулбал,  Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бол цэцийн гишүүн болж болохгүй гэсэн заалт тусгасан. Хууль тайлбарлах эрх Улсын дээд шүүхэд л бий.

Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Дээд шүүхийнхэн эрх баригчдын захиалгаар ажилладаг байгууллага болж хувирсан. Ийм үед энэ хуулийг баталж болохгүй, илүү сайжруулж байж батлах ёстой. Удахгүй сонгууль болох гэж байна. Ийм үед энэ хуулийг батлах гээд улайран зүтгээд байж таарахгүй.

Энэний ард хувийн нэг жижигхэн эрх ашиг байдаг. Дараагийн парламентад олон төлөөлөл орж ирсний дараа хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийг өөрийг нь зөрчсөн зүйл заалттай төслийг хэлэлцээд, муу нэртэй дээрээ бүр муухай нэр зүүх болж байна” гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга) болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзэж, анхны хээллцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай (шинэчилсэн найруулга) хуулийн төслийг хэлэлцээд, гишүүдийн 70 гаруй хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу