Зудын нөхцөл байдал болон сүүлийн өдрүүдэд авч хэрэгжүүлж буй ажлын талаар Улсын онцгой комиссоос өнөөдөр (2024.03.29) мэдээлэл хийлээ. Зудын эрсдэлийн үнэлгээгээр энэ сарын 22-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд цасан бүрхүүлтэй байсан. Сүүлийн өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаарч байгаа тул цасан бүрхүүлийн хэмжээ багасаж байгаа юм. 

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар малын хорогдол 5.9 сая толгой мал зүй бусаар хорогджээ. Энэ нь оны эхэнд тоолуулсан нийт малын 9.2 хувийг эзэлж байна.  

Хамгийн их байгаа нь Сүхбаатар аймагт нэг сая 490 мянган толгой мал хорогдлоо. Хэнтий аймагт 813 мянга, Архангай аймагт 574 мянга, Дорноговь аймагт 511 мянга, Төв аймагт 487 мянга, Булган 294 мянга, Дорнод аймагт 272 мянга, Хөвсгөл аймагт 269 мянга, Дундговь аймагт 247 мянга, Завхан аймагт 186 мянган толгой мал тус тус хорогдсон байна.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 28-ны байдлаар 3665 малчин өрх 70 ба түүнээс дээш хувиар мал нь хорогдсон, 460 өрх зуун хувь малгүй болжээ. Цаг агаар дулаарч буйтай холбоотой зарим аймгуудад малын сэг зэм устгах ажлыг эхлүүлсэн байна. Булган аймагт 38702,  Дорноговь аймагт 59190, Дундговь аймагт 53749 толгой малын сэг зэмийг тус тус цуглуулж булшлах, устгах ажлыг зохион байгуулж байгаа аж. Ийнхүү аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комиссууд зудын хүндрэлтэй айл өрхүүдэд тусламж, өвс тэжээл хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа талаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.

Мөн ОХУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд  ирсэн 3058 тонн Улаанбуудайг аймгуудад хуваарилан хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар 12 аймагт 64 тээврийн хэрэгслээр түгээлтийн ажлыг хийж байгаа аж.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу