Зудын нөхцөл байдал болон сүүлийн өдрүүдэд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Улсын Онцгой комиссоос өнөөдөр (2024.03.29) олон нийтэд мэдээллээ. Тодруулбал, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн аймаг, сумын онцгой комисст дэмжлэг үзүүлэн гуравдугаар сарын 16-ныг хүртэл үүрэг гүйцэтгэсэн.

Энэ хугацаанд нийт 425 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, цасанд дарагдсан 502 айл өрх, 1034 техник хэрэгслийг цаснаас гаргаж, 3931 иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.  

Мөн цасан шуурганд уруудаж улсын хилд тулж очсон эзэн тодорхойгүй таван мянга орчим толгой малыг хилийн бүсээс гаргаж, 21377 тооны малыг илрүүлэн эзэн холбогдогчийг нь олж тогтоох, хүлээлгэн өгөх ажлын зохион байгуулжээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 140,029 км зам, давааг цасан бүрхүүлээс чөлөөлж цэвэрлэжээ.

Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд зудын эрсдэлийг даван туулах ажиллагаанд нэгдэж бэлэн мөнгө, эд бараа хандивлах ажлууд мөн тасралтгүй үргэлжилж буй. Өнөөдрийн (2024.03.29) байдлаар 50 иргэн 157 ААН, байгууллага нийт 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөн хандив, зургаан иргэн, 34 ААН-ийн 888 сая төгрөгийн бараа материалыг Улсын онцгой комисст ирүүлсэн байна.

Мөн Олон Улсын хүмүүнлэгийн байгууллагаас нийт 4.6 сая ам.долларын санхүүжилтийг босгож үндэсний хэмжээнд зудад нэрвэгдсэн сумд, малчин өрхүүдэд бэлэн мөнгө, бараа материал, багц, өвс тэжээлийн хэлбэрээр хүргүүлж байгаа аж.

Нийт 21 аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн (2024.03.29) байдлаар 169,981 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, отроор явж буй 841 иргэнд мөн сумын эрүүл мэндийн төвүүд хэрэгцээт үйлчилгээг үзүүлжээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалаар резидент эмч нарыг орон нутагт хуваарилан ажиллуулж буй нь үр дүнгээ өгч буй талаар Улсын Онцгой комиссоос мэдээллээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу