Энэ долоо хоногт манай улсад цаг агаарын үзэгдлээс эхлээд улс төрийн үзэгдэл хүртэл нэлээдгүй олон үйл явдал болж өнгөрлөө. Хаврын л хуулийн дагуу цас орж зам талбай мөсөн бүрхүүлтэй болсноор нэлээдгүй зам тээврийн осол гарсан. Мөн урлагийн салбарт ч сонирхолтой дайралцаан өрнөж түүгээр нь улс төрчид хүртэл нэгэндээ үг чулуудаж байгаа харагдсан. Мөн сонгуульд нэр дэвшигч намууд аудитын газарт мэдүүлгээ хүргүүлснээр  таамаглашгүй үр дүнтэй сонгуулийн эхлэл тавигдлаа. Гуравдугаар сард чамгүй олон анхаарал татах үйл явдал өрнөсөөр шувтрахдаа ч мөн дуулиантай хэвээр байлаа. dobu.mn сайт энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

  1. Репперүүдийн дайралцаан https://www.dobu.mn/?p=5144

Энэ долоо хоног маш ширүүхэн дуулианаар эхэлсэн. Та бидний мэдэж байгаачлан реппер Fla  буюу Б.Жавхлантөгс, реппер Rokitbay-д зориулан “Shaaltsii” гэх дуу гаргасан. Энэ бол мэдээж хип хоп ертөнцийн хууль гэж болохуйц үйл явдал. Харин хамгийн дуулиантай нь реппер Rokit bay ердөө тавхан цагийн дотор хариуг нь барьж “Blaavgai” дууг цацсанаар Монголын youtube суваг дахь рекордыг эвдээд амжсан. Ингээд пуужин Баяраа өөрийнхөө байр суурийг дахин тунхаглаж, даруухнаар дахин дисс хийхгүй гэдгээ мэдэгдсэнээр эхний өрсөлдөөн дуусан. Харин реппер Fla  дахин дисс хийнэ гэдгээ мэдэгдээд зогсохгүй өчигдөр дахин нэг дууг цацсан юм. Одоо энэхүү дууны хэр чанартай болсныг сонсогчид л шийдэх биз. Өмнөх диссийн хувьд пуужин Баяраа харьцангуй үзэлтээр ялалт байгуулсан. Бүр ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл өөрийн цахим хуудастаа нийтлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зориулан дисслэж буй нь харагдсан. Үүнээс харахад “Blaavgai” дуу нь чанартай мөн дуулиантай болж чаджээ.

  1. Нялх улс төрчдийн майлаан https://www.dobu.mn/?p=51487

Монголын тал нутагт төлийн дуу цангинахтай зэрэгцэн нялх улс төрч, улс төрийн намууд ч “цангиналдаад” эхэлсэн. Шинэчилсэн бүсчилсэн холимог системээр анх удаа болох энэ удаагийн УИХ-ын сонгуульд улс төрийн 17 нам мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлснээр сонгууль албан ёсоор гарааны зурхайгаас хөдөлж байгаа нь тэр.

Найман жил дараалан үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн эрх барьж буй МАН-ын хувьд хүндхэн сонгууль угтаж байна. Өнгөрсөн хугацаанд ард түмний амьдрал дээрдээгүй ч авлигын модыг сагсайтал ургуулсан нь эрх баригчдын хувьд хамгийн хүнд цохилт болж байгаа юм.

Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй хайр гамгүй тэмцэнэ гэсэн ч нэр зарлахаас цааш огт газар авахгүй байгаа нь хариуцлага нэхсэн ард түмний хамгийн гол дайралт байх болно.

  1. Үхсэн малын махаар бөөрөнхий мах хийж худалдаалжээ https://www.dobu.mn/?p=51773

Зуд болоход нохой зоолно хэмээн ярьдаг. Яаж ч ядарсан монголчууд үхсэн малын махаар хоол хийж идэхгүй биз ээ. Гэтэл одоо цагт мөнгө л олж байвал үхсэн амьд нь хамаагүй болсон хэрэг үү.

Нэгэн иргэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт, зудын улмаас зүй бусаар хорогдсон малын махаар бөөрөнхий мах хийж байгаа үйл явцын бичлэг хийж, цахим сүлжээгээр цацсан билээ.

Нийслэлийн холбогдох байгууллагуудаас дээрх дүрс бичлэгийн мөрөөр тус үйлдвэрт шалгалт хийхэд зудын улмаас зүй бусаар хорогдсон малын махаар бөөрөнхий мах хийж байсан нь тогтоогджээ.

Улмаар БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай, “Монгол бугат тал нутгийн хүнс” компанийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжилсэн юм.

  1. Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэр  https://www.dobu.mn/?p=51858
Энэ долоон хоногт болсон онцлох үйл явдлын нэгээр байгаль орчин, нийгмийн эрүүл амьдралын төлөө бүтээсэн шинэ үйлдвэрийн тухай дурдах нь зүйтэй. Их олон асуудал бэрхшээлийн дунд энэ мэтчилэн бүтээн байгуулалт үргэлжилсээр байгаа нь магтууштай.
Монгол Улсын хэмжээнд автотээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, устгах, түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах анхны үйлдвэр Налайх дүүрэгт байгуулагдаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Ингэснээр орчин үеийн шаардлагыг хангасан, бүрэн автомат, жилд 7 мянган тонн буюу 300-400 мянган ширхэг хаягдал хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулж, хаягдал хар тугалгыг 98%, хүхрийн хүчлийн уусмалыг 98%, 10 гаруй химийн бодисыг хоргүйжүүлэн цэвэршүүлэх боломжтой болж байна.

Монголын анхны аккумлятор дахин боловсруулах үйлдвэрийг “Электрокем Монгол” ХХК өөрийн хөрөнгөөр байгуулж, ашиглалтад оруулахын зэрэгцээ 75 хүний шинэ ажлын байр бий болгож 1.2-1.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх юм.

  1. Х.Нямбаатар: Метроны ажлыг харлуулж байгаа хүмүүс метронд суухгүй гэдгээ бас хэлэх хэрэгтэй https://www.dobu.mn/?p=51999

Дайны хажуугаар дажин гэгчээр хотын дарга маань энэ дунд мэдээж дутаж үлдсэнгүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “УИХ-ын гишүүд ямар мөнгөөр метро барихыг мэдэхгүй байна. Улсаараа метроны сайхан зураг хараад л суугаад байх юм. Ямар төсвөөр яаж шийдэхээ танилцуулж, ярилц л даа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнд Нийслэлийн Засаг дарга:  “Сонгууль дөхөхөөр үлгэрийн баатрууд амилдаг гэж үнэн юм. Ажил ажлаа хиймээр байна. Метро эсэргүүцэж байгаа, харлуулж байгаа хүмүүс метро ашиглалтад орохоор суухгүй гэдгээ илэрхийлмээр байна” гэж цахим хуудастаа бичжээ.

Энэ мэтчилэн өширхсөн, гоморхсон үйлдэл улс төрд байлгүй л яах вэ. Чухамдаа бол үнэхээр метро сонгуулийн шоу биш гэдгийг цаг хугацаа л харуулна биз ээ.

  1. Цас үзээгүй жолооч нар https://www.dobu.mn/?p=5213
  2. https://www.dobu.mn/?p=52596

Цас үзээгүй жолооч нар. Ингэж бичих нь зохимжгүй мэт боловч цас орох тоолонд хэд хэдээрээ мөргөлдөж, энд тэнд осол аваар гаргадаг зүй тогтолтой болчихсон. Бүх зүйлийн буруутан нь гэтэл цас болоод л үлддэг. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдаа тохируулж яваагүй нь ч бараг цасны буруу болчих гээд байдаг. Учиргүй мэргэшсэн сайн жолооч нар болдоггүй юм аа гэхэд цаг агаарт тааруулан зохицуулалт хийдэг ухаалаг жолооч болмоор сон. Өдөр бүр, сар бүр төгсөж буй шинэ жолоочдынхоо чанарт анхаарах цаг болсон гэдэг нь харагдаж байна.

9. Хаан найргийн хатан Дулмаа тэнгэрт дэвшив  https://www.dobu.mn/?p=5217

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Шагдарын Дулмаа 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын уран зохиол, соёл, урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Өөрийн өнгө аясаар бүтээсэн олон дуу, шүлэг, уран бүтээлээр монголчуудын зүрхэнд үүрд үлдэх Хаан найргийн хатан Дулмаа тэнгэр болсон нь энэ долоо хоногийн уй гашуу, салхины дараах аниргүй мөч нь байлаа. Бидний дэргэдээс сайн хүн, сайхан хүмүүс хугацаа өнгөрөх тусам нисэн одож буй. Тэнгэрт одогч, тэртээд од бологч бүхэн сайн төрлийг олон болтугай. Ум мани бадмэ хум.

10. BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч  https://www.dobu.mn/?p=52641

МИАТ” ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин (2024.03.29) Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдсэн. Ингэснээр тэрбээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч болсон юм.

Өөрөөр хэлбэл, Л.Номин “МИАТ” ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.

Мөн цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэх асуудал хөндөгдсөн. “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ гэртээ хардаг ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг олгодог. Энэ мөнгийг ээжүүд “Живхэнд ч хүрэлцдэггүй” хэмээн шүүмжилсээр ирсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тус мөнгийг нэмэхээр 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусган, Сангийн яаманд хүргүүлсэн талаараа  мэдээлсэн билээ.

Ийнхүү долоо хоногийн төгсгөлд дахиад л нэг шуугиан дэгдсэн нь өнөөх долоо хоногийг эхлүүлсэн реппер Fla  буюу Б.Жавхлантөгс дахин шинэ дуу цацсан явдал байв. Түүний хувьд “хэзээ ч ялагдаж үзээгүй” хэмээх үзэл  бодолдоо бат зогсож байгаа нь, мөн нэлээдгүй шартай гэдэг нь харагдаж байна. Гэвч Пуужин Баяраа түүнд  аль эрт дахин дисс хийхгүй, ажилдаа анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн. Энэхүү дуулианы салхи хаашаа эргэхийг одоогоор хэн ч таагаагүй байна. 

А.САЙХАНБАЯР 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу