Уншигч танд амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр гуравдугаар сарын сүүлийн өдөр буюу аргын тооллын 3-р сарын 31, билгийн тооллын  21, хаврын дунд улаагчин туулай сарын хөх морь өдөр. Гуравдугаар сар шувтарч урин цагийн сэжүүр өдөр ирэх тусам ойртжээ.

Амралтын өдрүүд нийслэл хотод харьцангуй дулаан өдрүүд тохиож байна. Ийм өдрүүдэд хөшгөө нээлгүй үд хүртэл унтах нууцхан хүсэл хэн бүхэнд бий. Тэгвэл хүсэлд автуулсан НОЙР гэх зүйлийн тухай цөөн хэдэн сонирхолтой баримтыг хүргэж байна. Мөн амралтын өдрийн ажлын өмнөх бодолд автсан өдөр бус жинхэнэ утгаар нь амралтын өдөр болгоход тань туслах бяцхан зөвлөгөөнүүдийг  бэлтгэлээ.

Нойр бол хүний анхдагч биологийн хэрэгцээний нэг юм. Бидний бие махбодод хоол тэжээл хэрэгтэйн нэгэн адил нойр нь болзолгүй рефлекс юм.

Хүнийг унтаж байхад уураг тархи амарч, дараах өдрийн ажилд энерги хуримтлуулан бэлтгэж байдаг. Хүн заавал унтаж амарч байх ёстой. Хүний наснаас, мэдрэлийн үйл ажиллагаа, ажил амьдралын хэв маягаас хамаарч хоногт хэдэн цагийн нойр авах нь харилцан адилгүй байдаг.

1. Дутуу нойртой хонодог бол таны анхаарал төвлөрөл, шинийг сурах чадвар 40 хувь буурдаг. Мөн нэг л шөнө хангалтгүй унтахад согтууруулах ундаа хэрэглэсэн хүнтэй адил жолоо барих чадвар мууддаг. Улмаар та өөрийгөө болон өрөөлийг аюул эрсдэлд оруулж байна гэсэн үг юм.

2. 7-9 цаг хангалттай унтах үед ой санамж бэхжиж, ой тогтоолт сайжирдаг. Харин нойр дутуу бол тархинд ой санамж хадгалагдах үйл явж удааширч, мартамхай болох магадлал ихэсдэг болох нь тогтоогджээ.

Иймд та ажлаа хэтэрхий төгс хийх гэж, эсвэл бүрэн төвлөрсөн үедээ шөнийн цагаар ажиллах нь бий. Илүү цагаар ажиллах нь хангалттай сайн гэсэн үг биш бөгөөд цаг цагт нь ажлаа дуусгаж, амрах ёстой цагтаа амрах нь харин зөв юм. Бидний биологийн бие мэдээж байгалийн хуулийн дагуу унтаж амрах, сэрж босохыг шаардаж байдаг.

Нойрны тухайд дахин хэлэхэд хэрэв та 18-60 настай бол өдөрт хамгийн багадаа 7 цаг унтах шаардлагатай шүү.

Амралтын өдөр арай гэж нойр ханаад орноосоо боссоны дараа бид юу хийдэг вэ? Угтаа амарч босоод сайхан унд уучхаад агаар салхинд гарч амармаар байсан ч маргааш өглөө нь ажилтай учраас угаалга хийхээс эхлээд гэрийн ажил мундахгүй. Ингээд аяга ус ууж аваад гэрийн ажилдаа орно доо. Хэсэг ажиллаад будан дээр суун ямар нэг кино олж үзнэ дээ. Удалгүй утсаа авч ухаж гарна. Ингээд  ажлын бүтээмж, идэвхтэй байсан сэтгэлзүй маань намжиж орхидог.

Тэгвэл амралтын өдрөөр хэрхэн эрч хүчээ алдахгүй ажил амралтаа зохицуулах вэ. Энэ асуудалд ихэнх амьдралын дасгалжуулагч, сэтгэлзүйчид амьдралын зөв хэмнэлтэй болохыг зөвлөдөг. Зөв хэмнэл гэдэг нь заавал иогийн гудас дэвсэж дасгал хийх биш. Ердөө л сэтгэлзүйн эмх цэгцтэй байдалд суралцах юм. Жишээлбэл, та амралтын өдрийн өглөө босоод ямар ч зүйлийг хүндээр тусгаж авахгүй юм шүү гэдгээ л өөртөө хэвшүүлчих. Ингэснээр та юу хийх ёстой түүнийгээ хэрэгжүүлэхэд ядаж нэг алхам ойртох нь байна. Мөн өрөөндөө цэвэр агаар оруулж, хөшгөө аль болох бүрэн нээх хэрэгтэй.

Нэмж хэлэхэд ямар нэгэн сайхан дуу сонсохыг зөвлөе. Таны хажууд байгаа хэн нэгэн таагүй уур амьсгал халдаах гээд байвал дуугаа чангалаад түүнээс зайлсхийж, нөгөө хүндээ жаахан инээд нэмэхийг хичээгээрэй.

Инээмсэглэл нь тархийг бүрэн хуурах чадалтай бөгөөд бүтэн өдрийг ч өөрчлөх шидтэй.

Мэдээж энэ бүхнийг төгс үр дүнтэй болгох арга бол таны харилцаа хандлага шүү дээ. Эдгээрийн араас та маш хялбархан, өөрийнхөө дуртай хоолоор ширээ засахад л гэр бүлд тань халуун дулаан уур  амьсгал хормын дотор бий болно.

Хэт их ажилдаа санаа зовсон, төлөвлөсөн, маргааш болон дараагийн үйл явдлуудад санаа зовсон хэвээрээ л байвал та асуудлаас өчүүхэн ч холдож чадахгүйгээр барахгүй, өөрийгөө улам асуудалд живүүлнэ. Иймээс нэг өдрийг ч хамаагүй инээд хөөр, эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхийг зөвлөмөөр байна. Та бид ганцхан удаа, бүр цор ганц удаа амьдрах учир үнэ цэнэ, утга учрыг эрхэмлэж үр хүүхдэдээ хамгийн энгийн сайхан бүхнийг мэдрүүлцгээе.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу