Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна. Ялимгүй хур тунадас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 2-НООС 6-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 2-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1…-6 градус.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу