Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.

-Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр маш олон хууль, тогтоомж баталж гаргасан. Тэдгээрийн хэрэгжилт хэр хангалттай байна гэж та боддог вэ? Эндээс хоёулаа ярилцаж эхэлье…

-Аливаа төрийн бодлого, шийдвэр хэрэгжих үндсэн нөхцөл бол хууль тогтоож, эрх зүйн орчин. Монгол Улсын хувьд энэ эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр нэлээд амжилт гаргасан гэж бодож байна. Саяхан Хүүхэд хамгааллын тухай хуулиа шинэчлэн найрууллаа. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг баталлаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиа баталлаа. Мэдээж хэрэг энэ мэт тодорхой ажлууд хийж байна. Гэхдээ яг бодит амьдрал дээр, анхан шатны нэгж дээр эдгээр хууль, тогтоомжууд хэрэгжиж байна уу гэдэг асуудалтай байна. Энэ нь нэг талаас хөрөнгө мөнгө, санхүүжилт хангалттай биш байгаа учраас бүрэн дүүрэн хэрэгжихгүй, үр дүн нь гарахгүй байна.

“БИД ХҮҮХДИЙГ НЭГДҮГЭЭРТ ГЭДЭГ ЗАРЧМАА МАРТААД БАЙНА”

-Хүүхэд андуураад, машиндаа суулгаад аваад явчихаж байна. Хойд болон төрсөн эцэг нь охиноо хүчирхийлдэг бусармаг хэргүүдийн талаар сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл олон гарч байна. Энэ нийгэмд хүүхэд гэмт хэрэг, хүчирхийллийн золиос болох явдал буурахгүй байгаагийн цаад шалтгаан юутай холбоотой гэж та боддог вэ?

-Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн хугацаанд нэлээд асуудлыг хөндөж гаргалаа. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дотуур байрны асуудал, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд хамтарсан баг гарч, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байр бий болсон. Энэ жил бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг хөндлөө. Бид хүүхдийг нэгдүгээрт гэдэг зарчмаа мартаад байгаа юм шиг санагдаж байна.

-Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай хуулиар “Хүүхэд үргэлж нэгдүгээрт” гэдэг дээ?

-Хууль тогтоомждоо тэгээд заачихсан байдаг ч яг анхан буюу хууль тогтоомж хэрэгжүүлэх шатан дээрээ хүүхэд хоёрдугаарт ороод байна. Уг нь бид хамгийн түрүүнд авч үзэх ёстой. Хүн амын гуравны нэгийг бүрдүүлж байгаа, хүн амын 37 хувь нь 18 наснаас доош хүүхэд гэдэг категорид хамаарч байгаа юм. Энэ хүүхдүүдийнхээ, энэ бүлэг хүмүүсийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавиад, эрхийг нь хамгийн түрүүнд хангасан үйлчилгээ нэвтрүүлэх, аюулгүй байдал бий болгох, боловсролтой болгох, хөгжүүлэх ажилд анхаармаар байгаа юм.

Гэтэл дотуур байрны асуудлыг л аваад үзэхэд, суманд өнөөдөр хэчнээн дотуур байр 1990 оноос өмнө ашиглалтад ороод, үйл ажиллагаа явуулж байна вэ. Энэ чинь аюулгүй байдал, Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байна гэсэн үг шүү дээ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуульд сурч, дотуур байранд амьдарч байгаа хэчнээн хүүхэд модон жорлонд, өвлийн хүйтэнд хасах 30, 40 градуст бие засаж байгаа нь “Хүүхэд дараагийн асуудал” байгааг илэрхийлээд байгаа юм болов уу гэж бодож байна.

Бид энийг өөрчлөх хэрэгтэй. Нэгэнт л бид “Хүүхдийн эрх нэгдүгээрт” гэж байгаа бол төлөвлөлттэй байх ёстой. Хамгийн түрүүнд хийх гэж байгаа ажил маань хүүхдэд ээлтэй байна уу, хүүхдийн эрүүл, аюулгүй байх эрхийг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр үнэлэлт өгөөд, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

-Та хэдэн оноос хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж, энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн бэ?

-Би үндсэндээ 2005 оноос хүний эрхийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөл, хөтөлбөрүүд дээр хүний эрхийн төслүүдийг хариуцаж ажилласан. Ер нь хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг тасралтгүй хөндөж байна.

-Монгол Улсад 2005 онд хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломж бололцоо хэр байв? Одоо ямар түвшинд байна вэ, ахиц дэвшил гарсан гэж бодож байна уу?

-Одоогийн нөхцөл байдалтай харьцуулна гэвэл бас өрөөсгөл болно. Мэдээж хэрэг 2005 онд нөхцөл байдал хүнд байсан. Шилжилтийн үе байсан. Монгол Улс хүний нөөц, эдийн засгийн чадавхи нь ямар байсан бэ гээд. Одоо бол өөр. 2005 оноос хойш хүүхдийн эрхийн чиглэлээр нэлээд зүйл хийгдсэн.

Түрүүн би ярьсан, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бас чамлахааргүй ажиллаж, амжилт гаргасан. Бид өнөөдөр Хүүхдийн эрхийн тухай хуультай, Хүүхэд хамгааллын тухай хуультай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай, Хүн худалдаалахын эсрэг бодлого, хөтөлбөр, хуультай, дээрээс нь үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоог нь бий болгочихлоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний газартай боллоо.

Мэдээж хэрэг комисс хэрэгжилтэд хяналт тавина. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай конвенцэд нэгдээд орчихлоо гээд бид чамлахааргүй амжилт гаргасан. Гэсэн хэдий ч яг бодит амьдрал дээр, жишээлбэл, ядууралд байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо буурахгүй байна.

Наад захын жишээ хэлэхэд, өнгөрсөн онд “бэлгийн хүчирхийллийн хохирогч” гэдэг категиороор шүүх эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн хүүхэд 1000 орчим байна. 2022 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бага насны хүүхэд 360 байсан. Энэ нь бид хүүхдээ хайрлаж, хамгаалахгүй байна гэсэн үг.

“ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ХУВЬД ЯАЖ ХОХИРСОН БЭ ГЭДГИЙГ ТОГТООДОГ
БАЙХ ЁСТОЙ”

-Хүний эрхийн Үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлээ удахгүй УИХ-д өргөн барих юм байна. Энэ удаагийн илтгэлдээ хөндсөн, хамгийн их анхаарал хандуулахуйц, сэтгэл түгшээж, зовоож байгаа ямар асуудал байна вэ?

-Манай комиссын илтгэл дээр хөндөгдөж байгаа нэг асуудал бол бага насны хүүхдийн жирэмслэлт, үр хөндөлтийн асуудал. Замбараагаа алдлаа шүү дээ. Өнөөдөр бид хүүхдүүдээ хайрлахгүй байна. Бид хүүхдүүддээ анхаарал хандуулахгүй байна. Хөгжүүлэхгүй байна. Хүүхдэдээ боловсрол олгохгүй байна. Мэдээж хэрэг, цаг үе, нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Гэсэн ч бид тухай бүр нь арга хэмжээ авах ёстой. Арга хэмжээ аваад, үр дүн гарч байх ёстой. Үр дүн төдийлөн гарахгүй байна гэдэг чинь манай бодлого, шийдвэрийн арга хэмжээ бас болохгүй байна гэсэн үг шүү дээ.

-Яавал хүүхдүүдээ “аварч” чадах вэ?

-Хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Наад захын жишээ. Зам тээврийн осол боллоо гэж бодоход, ямар машины жолооч дүрэм зөрчиж, осол гаргав гэдэг дээр л бид дүгнэлт хийгээд, арга хэмжээ тооцож байгаа байхгүй юу. Тухайн машины жолоочийн кабинд хүүхэд байсан уу, үгүй юү? Байсан бол хүүхдэд ямар хохирол учирсан бэ гэдэгт дүгнэлт хийж байх ёстой.

Өнөөдөр бид гудамжинд хоёр согтуу хүн зодолдож, муудалцаад, агсам согтуу тавилцахад дэргэд нь хүүхэд байсан уу, байгаагүй юу, тэр хүүхэд хохирсон уу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийдэггүй. Энд бид хүүхдийг дандаа орхигдуулж байна. Угтаа бол хүүхдийн дэргэд архидан согтуурвал хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Чи ингэж болохгүй гэж хэлж байх ёстой. Ийм тохиолдолд хүүхэд сэтгэл зүйн хувьд яаж хохирсон бэ гэдгийг тогтоодог байх ёстой.

Өнөөдөр гэмт хэргийн улмаас хэчнээн хүүхэд ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй болсон бэ гэдэг тоог гаргаж чадахгүй байна. Энэ мэтчилэн анхаарах олон асуудал байна. Тухай бүр нь л бид шийдэх ёстой. Мэдээж хэрэг нэг шөнийн дотор энэ бүхнийг шийдэх боломж байхгүй. Гэхдээ бид ямар ч байсан төлөвлөгөөтэй, алсын хараатай байх ёстой. Төлөвлөгөө гаргаад, өөр шатанд асуудлыг шийдэх л ёстой.

-Та өнгөрсөн хугацаанд хотын захын дүүргийн, гэр хорооллын айлуудаар явж, орчин цагийн монгол хүүхдүүд ямар орчинд хэрхэнд амьдарч байгааг бишгүй харсан байх. Сэтгэл түгшээж, эмзэглэх ямар асуудлуудтай нүүр тулж байв? 

-Эмзэглэмээр юм зөндөө. Гэр хорооллын хүүхдүүд хаана тоглож байна вэ? Тэнд тоглох талбай байхгүй. Энэ асуудлыг хүн болгон мэдэж байгаа, үүнийг шийдэх ёстой. Бид боломжийнхоо хэрээр хэлж байна. Хүний эрхийн комисс сүүлийн 22 илтгэлийн 15-нд хүүхдийн эрхийн асуудлыг хөндсөн. Ер нь бид хүүхдийн эрхийн асуудлыг ерөөсөө орхигдуулж болохгүй.

Гэр хорооллын төлөвлөлт дээр хүүхдийн тоглох талбай байна уу, үгүй юү гэдгийг хамгийн түрүүнд харж байх ёстой. Барилга хүлээж авдаг улсын комисс энэ ажлыг хийх ёстой байхгүй юу. Тэд энэ ажлаа хийхгүй байна. Тэнд ажиллаж байгаа томчуудын хандлага буруу байна. Энд чинь хүүхэд амьдарна, энд тоглоно гэдэг бодол ерөөсөө толгойд нь орж ирэхгүй байх шиг байна.

Эргээд яах вэ гэхээр, бидэнд олон нийтийнхээ боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байна. Боловсролын системээ чанаржуулах шаардлага байна. Иргэдэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулах хэрэгтэй байна. Хандлагын өөрчлөлт хийх ёстой.

-Хүний эрхийн үндэсний комисс жил бүр хүний эрхийн талаарх илтгэлээ тавьж байна. Чухал чухал асуудлуудыг хөнддөг. Эргээд биелэлтэд нь хяналт тавих эрх, үүрэг бий юу? 

-Мэдээж хэрэг хянах, биелэлтийг нь шалгах тогтолцоо байдаг. Яадаг вэ гэхээр, Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг УИХ хэлэлцээд, тогтоол гараад, Засгийн газарт үүрэг болгоно. Хүний эрхийн комиссоос ийм ийм санал зөвлөмж ирснийг бид хэлэлцээд, ийм ажил арга хэмжээ зохион байгуулахыг Засгийн газарт даалгаж, үүрэг болгож байна гээд. Энэ тогтоолын хэрэгжилтийг Засгийн газар УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд тайлагнадаг. Тэр нэг хяналт. Мөн Хүний эрхийн үндэсний комисс дээрх тогтоолын хэрэгжилт ямар байна вэ гэдэг дээр өөрсдийнхөө хэмжээнд холбогдох байгууллагуудаас нь мэдээлэл аваад, түүн дээрээ дүн шинжилгээ хийгээд, өөрсдийнхөө илтгэлийг бас танилцуулдаг.

-Нэн даруй анхаарал хандуулж, хөндмөөр бас нэг асуудал бол бага насны хүүхдийн хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ байна. ХЭҮК энэ сэдэвт хэр анхаарал хандуулж байна вэ? 

-Энэ бол ноцтой асуудал. Бага насны хүүхэд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаа асуудал бий. Хүний эрхийн комисс энэ дээр анхаарлаа хандуулж байна. Ямар арга хэмжээ авч, юу хэрэгжүүлж байна вэ гэдгийг хянаж байна. Шинэ бүрэлдэхүүн яг энэ чиглэлээр одоогоор тухайлсан судалгаа хийгээгүй байна. Анхаарлын төвөөсөө гаргаж ерөөсөө болохгүй асуудал.

ХҮН БҮРИЙН ХУВИЙН ОРОН ЗАЙГ ХҮНДЭТГЭХ СОЁЛ БИЙ БОЛГОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ НЬ

-Монгол Улсаас гадаад иргэд өнгөрсөн 2019 онд нийт 1629 хүүхэд үрчилж авч байсан бол энэ тоо өнгөрсөн 2023 онд нийт 1421 болжээ. Эдгээр хүүхдүүдийг үрчилж авсантай холбоотой ямар нэгэн гомдол, санал ХЭҮК-т ирдэг үү?

-Яг гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдтэй холбоотой гомдол, санал манай дээр ирж байгаагүй. Холимог гэр бүл, холимог гэр бүлийн нэг гишүүн нь “Хүүхдийг минь аваад гадаад руу гарчихлаа”, “Намайг хүүхэдтэй минь уулзуулж өгөөч ээ” гэсэн гомдол ирж байсан. Энэ тохиолдолд хүний эрхийн үндэсний комисс яаж ажилладаг вэ гэхээр, хамгийн эхний ээлжинд тухайн газар хүний эрхийн байгууллага байна уу, үгүй юу байгаа бол түүнд бид ханддаг.

Манай улсын ийм иргэн манайд хандлаа, холимог гэр бүл юм байна. Дундын хүүхэд нь танай улсад ороод сураггүй болсон. Ээж нь хүүхэдтэйгээ уулзах хүсэл, сонирхолтой байна. Энэ хүүхдийг олж, бидэнд туслалцаа үзүүлээч ээ гэж хүүхдийн эрхийг хангах, хамгаалах ажил дээр хамтарч ажиллах тухай хүсэлтийг бас хүргүүлж ажилладаг.

-“Одоо л биш бол хэзээ ч…” гэдэг дээ. Түүн шиг одоо л бид хүүхдүүдээ хүн шиг хүн болгож өсгөхөд анхаарлаа хандуулж, хичээхгүй бол Монгол Улсын хувь заяа хаашаа ч эргэж болзошгүй “бүрхэг” байна гэж заримдаа бодогддог юм. Яаж засаж, залруулах гарц, боломж байна вэ? Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу? 

-Бид ажлын эрэмбэ, дарааллаа зөв тогтоох ёстой. Бид хүнээ хөгжүүлэхгүй байна. Бид хүнээ багаас нь хөгжүүлэх ёстой. Цэцэрлэгийн наснаас нь, дунд сургууль, сургулийн өмнөх боловсрол, ерөнхи боловсролоос нь их, ээд сургууль хүртэл нь. Мэдээж хэрэг үүний хажуугаар албан бус боловсролын тогтолцоогоор насанд хүрсэн иргэдээ ч хөгжүүлэх ёстой. Бид тэдэнтэй ажиллах ёстой.

Боловсролыг нь дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Хүний эрхийн зарчмуудын талаарх мэдлэг, мэдээллийг олгох хэрэгтэй. Бие биенээ хүндэтгэх, бие биенээ ялгаварлан гадуурхахгүй байх, хүн болгоны хувийн орон зайг хүндэтгэдэг соёл бий болгох ёстой. Тэрийг бид хийж чадахгүй бол болохгүй нь.

Одоо олон нийтийн сүлжээнд бие биенээ доромжлох, гутаах асуудал гаарч, үнэхээр харамсмаар байна шүү ээ. Энийг бид яах вэ гэвэл боловсролоор дамжуулж өөрчилмөөр байна. Бид хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хүнээ мэдлэгтэй, ухаантай, боловсролтой болгох хэрэгтэй. Түүнд бид хөрөнгө зарах ёстой.

Орон нутагт сурагчдын дотуур байр 90 оноос өмнө ашиглалтад орсон, гадаа бие засдаг газар ямар орчинд байгаад байгаа юм бэ гэхчилэн эрэмбэлэх асуудал олон байна.

-Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Д.ТУЯА

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу