АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүн Тим Уолберг Газын зурваст цөмийн зэвсэг ашиглахыг санал болгосон талаар “Washington Post” сонин мэдээлжээ. Тус нийтлэлд, Мичиган мужид улстөрч сонгогчидтой уулзахдаа Газын бүс нутгийн хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг эсэргүүцэж буй талаарх бичлэгийг байршуулсан байна.

Мөн нийтлэлд сонгогчдын нэг нь хүмүүнлэгийн бараа хүргэхийн тулд Газын эргийн ойролцоо АНУ-ын боомт барих шаардлагатай байгаа талаар Уолбергээс асуусан талаар тэмдэглэжээ. Улс төрч “Энэ зорилгоор АНУ нэг ч төгрөг зарцуулах ёсгүй” гэж хариулсан байна.

Уолберг “Бүх зүйл Нагасаки, Хирошимагийнх шиг байх ёстой. Бид үүнийг аль болох хурдан дуусгах хэрэгтэй” гэж уриалжээ.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Газын зурвасын нийт хүн амд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа талаар мэдэгдэж байв. Түүний хэлснээр, Газын хүн амын хүнсний аюулгүй байдал зуун хувь алдагдсан байдалтай байгаа бөгөөд тэдний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж буй аж.

Өнгөрсөн долоо хоногт Израилийн тал Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафах хотод явуулах гэж буй ХАМАС бүлэглэлийн эсрэг хуурай замын цэргийн ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхээр цэргийн стратегийн мэргэжилтнүүдээ Вашингтон руу илгээхийг зөвшөөрсөн билээ.

Израил, ХАМАС-ын дайны галыг нэн даруй зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолд хориг тавихаас АНУ татгалзсаныг эсэргүүцэн Израилын тал цэргийн мэргэжилтнүүдээ илгээх шийдвэрээ өнгөрөн Даваа гарагт цуцалсан.

Зургаан сар шахам үргэлжилж буй дайны явцад Израилын үнэнч холбоотон байсаар ирсэн АНУ өмнө нь ижил төстэй тогтоолд хориг тавьсаар ирсэн боловч өнгөрсөн долоо хоногт НҮБ-д болсон санал хураалтын үеэр түдгэлзсэн санал өгсөн нь энэ.

Энэ нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн дургүйцлийг төрүүлсэн бөгөөд хоёр улсын хооронд Газын зурваст явуулж буй дайны асуудлаарх санал зөрөлдөөн нэмэгдэж буйн илрэл юм.

Хэдийгээр Израилын цэргийн стратегичдын айлчлал цуцлагдсан боловч тус улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галант АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нартай хэлэлцээ хийхээр Вашингтонд иржээ.

Нетаньяху “Рафахт цэргийн ажиллагаа явуулах нь Газын зурвасыг ХАМАС хянаж буй явдлыг бүрэн зогсооход зайлшгүй шаардлагатай” гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын эрх баригчид Рафах руу дайрахын эсрэг байгаагаа Израилын талд мэдэгджээ. Дайны хөлөөс дайжсан Палестины нэг сая гаруй энгийн иргэн тус хотод толгой хоргодож байгаа аж.

Цагаан ордноос “Израилын албаны хүмүүстэй дахин хэлэлцээ хийх нь “сайн хэрэг”, уулзалтын товыг хэлэлцэж байна” гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: WASHINGTON POST, VOА
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу