Улсын төсөвт тусгаснаар, өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн бүх албан хаагчийн цалин 10 хувиар нэмэгдэж байна. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдах юм.

Мөн нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалин 20 хувиар нэмэгдэж буй бол суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож, орон нутгийн нэмэгдэл олгож байна.

Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн захиргааны  төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. Мөн өнөөдрөөс халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж 10 хувиар нэмэгдэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өмнө нь энэхүү шийдвэрийн талаар мэдээлэхдээ “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг шинэчлэн баталснаар тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлсэн.

Өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн шимтгэлийн 17 хувь тэтгэврийн санд хуримтлагдаж, ахмадын тэтгэвэр болдог. Энэ 17 хувиас 2 хувийг нь мөнгөжүүлж, гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг болно. Давхардсан тоогоор 1.3 сая иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

2024 онд 500 орчим мянга нь тэтгэвэр авч байна. Ахмад настны тоо манай хүн амын 10 орчим хувийг эзэлж байна. 25 жилийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ. Ажил хийж байгаа хүмүүсийн тоо энэ тооноос бага байгаа учраас бид хуримтлалын тогтолцоо руу шилжүүлсэн. Тэтгэврийн сангаас 10 жил ажиллаж байж хувь тэнцүүлсэн, 20 жил ажиллаж байж бүрэн тэтгэвэр авдаг.

2023 онд бид төрийн алба хаагчийн олон тогтолцоотой сайжруулсан. Өмнө нь салбарын сайд нь салбарынхаа ажилчдын цалинг нэмчихдэг байсан бол үүнийг нэг мөр шийдвэрлэсэн.

Тэтгэврийн сонгуулийн өмнө биш инфляцтай уялдуулан нэмэх, тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байх, нийгмийн даатгалын засаглалыг сайжруулах хуулийн зохицуулалт хийсэн.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хуулийн шинэчлэлээр тэтгэврийн нөхөн төлөлтийг хориглосон. Тэгэхгүй бол шударгаар төлж байгаа нэг нь дундын санд хийгээд, зардал нэмэгдэж байна” гэж мэдээлсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу