Монгол Улсын Их Хурлын сонгууль хоёр сарын дараа болно. Эрх баригч Монгол ардын нам, Ардчилсан намаас эхлээд парламентад нэг суудалтай ХҮН нам, сүүлийн үед рейтинг нь өсч байгаа “Үндэсний эвсэл” тэргүүтэй 27 нам сонгуульд орохоор мөрийн хөтөлбөрөө өгсөн. Улс төрийн намууд хэнийг, хаана нэр дэвшүүлэх вэ. Хэнийг жагсаалтад оруулах вэ гэдэг “тоо” бодож эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс БНСУ-ыг зорьжээ. Албан бус мэдээллээр, эрх баригч намын удирдлагууд сөрөг хүчний намын зарим хүмүүстэй БНСУ-д уулзаж, ирэх сонгуульд аль тойрогт хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг талаар ярилцаж, жагсаалтын хүмүүсээ тодорхой болгохоор явсан сураг чих дэлсэж эхэллээ.

Энэ удаагийн сонгууль холимог систем, бүсчилсэн хэлбэрээр явагдана гэдгээрээ онцлог болж байгаа юм. Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн аль аль нь шинэ системээр сонгуульд оролцож байгаагүй тул хүндхэн сорилтуудтай нүүр тулгарна гэдгийг судлаачид онцолж байна.

Монголын улс төрийн талаар Монголдоо ярьж болохгүй зүйлс байдаг гэдгийг нотолж, Х.Баттулга тэргүүтэй нөхдүүд хоёр жилийн өмнөөс БНСУ-д улс төрийн тохироогоо ярьдаг болсон. Энэ удаа эрх баригч намын удирдлагууд ч Монголдоо ярьж болохгүй зүйлсээ ярилцаж, цэг тавихаар Гуулин улсыг зорьсон бололтой.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу