УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.04.01) боллоо. Хуралдааны дараа бүлгийн гишүүд хуралдаанаар хэлэлцэж, саналаа нэгтгэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

“ЗАЛУУС АЖИЛЛАХ ТУСАМ ЯДУУРДАГ БОЛЧИХОЖ” 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Гадаад улс руу дайжих үзэгдлийн тоо давтамж тогтмол өсөж байна. Авлига өсөх тусам монголоос дайжих нь ихсээд байгаа юм. Сүүлийн найман жил авлигатай тэмцэх тусам ядуурлын индекс нь өсөөд л байдаг. Ажлын байргүй иргэд л ядуурдаг гэсэн ойлголттой байсан бол одоо үед ажил хийсэн ч ядуурдаг болчихож. Дөрвөн жилийн амлалтын биелэлт нь ямар байгааг одоо бид харж байна. Иймээс тал талд дүгнэлт хийх хэрэгтэй.

“ЯМАР ХӨРӨНГӨӨР МЕТРО БАРИХ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ”

УИХ-ын гишүүн Н.ГАНИБАЛ:

-Ардчилсан намын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслөө УИХ-ын даргадаа өргөн барьж чадсангүй. Хоёр ч удаа цаг товлоод уулзаж чадсангүй. Үүнтэй холбоотой дахин шаардлага хүргүүлнэ. Чуулганы үйл явц өнгөрсөн долоо хоногт хангалттай явсангүй. Хаа сайгүй л гишүүд нь орон нутагт ажиллаж байна.

“Чоно борооноор” гэдэг шиг үүнийг далимдуулж Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг МАН өргөн барьж, хэлэлцэх асуудал хөндөгдөж байна.

Мөн ямар хөрөнгөөр метро барих гээд байгаа юм бэ. Метрог нийслэлийн төсвөөр барина гээд байгаа. Тийм төсвөөр метро барина гэдгийг шийдэх боломжгүй шүү дээ. УИХ-ын гишүүд нь тэр санхүүгийн эх үүсвэрийн талаар мэдэхгүй байгаа шүү дээ.

Сэтгүүлчид уг асуудлыг хөндөөсэй. “Эрдэнэс Баянбогд” гэх нүүрсний ордтой болсон. Нийслэл 66 хувийг нь эзэмшдэг. Тэр нь ч өнөөдөр мэдээллийн хувьд нууцлагдмал болчихлоо. Тус ордын нөөцийн хайгуулын ажил ч мөн нууц болсон, гаднын компани түүнд нь хяналт тавьж ажиллаж байна.

“АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХАНГАЛТТАЙ ХУГАЦАА ӨНГӨРЛӨӨ”

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Хаврын чуулган эхэлсэн боловч байнгын хороод хуралдах боломжгүй боллоо. Үндсэндээ цагаан сараас хойш монгол төр эзгүйрчихлээ. Засгийн газрын үйл ажиллагааг хянадаг байгууллага нь орон даяар тараад алга болчихлоо. Малчдын зээлийн хүүг бууруулах, тэглэх, даатгалын сангийн тухай асуудлыг хөндөж байсан. Түүний дагуу ч хуулийн төсөл барих гэсэн боловч чадаагүй явж байна.

Монгол төрийн гаргаж байгаа шийдвэр иргэдэд дандаа дарамт болж байна. Зун нь бензингүй болгодог, үүнээс нь үүдээд намар нүүдэл хийж, өвс бэлдэж чадаагүй олон мянган айл өрх энэ өвөл хамаг малаа алдлаа. Олон улсын өмнө авлигын индекс, ардчиллын индекс харахаас ч ичгэвтэр боллоо.

Яг үнэндээ ингэж төр барьж байгаа хүмүүсээс залхаж байна. Найман жил ард түмний итгэлийг авч ажилласан юм бол одоо хоёрхон сард багтаан хуралдаадхаач ээ. Бидний төслийг хүлээж авахгүй бол тэрийгээ хэлмээр байна. Бид энэ хүмүүсийн оронд байсан бол асуудлыг шийдчих хугацаа хангалттай өнгөрлөө.

“АРДЧИЛЛЫН ИНДЕКСЭЭР ДАХИН НЭГ УХАРВАЛ ДАРАНГУЙЛАЛ РУУ
ОРОХООР БАЙНА”

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Сүүлийн найман жил өдөр болгон дөрвөн сарын нэгэн байлаа. Иргэдийн амьдрал огт сайжраагүй шүү дээ. Нэг ч үйлдвэр завод ашиглалтад орсонгүй. Авлигатай амаараа л тэмцэж байна. Хөшөө, музей, макет, контент л хийсэн байх.

МАН мөрийн хөтөлбөрөө 60-70 хувьтай биелүүлж гэнэ. Зуун хувь байх боломжтой байж ийм зүйл ярьж болж байгаа юм уу. Ийм нам сонгуульд оролцмооргүй байгаа юм. Өөрсдөө манай нам ялах ёстой гээд байгаа юм. Иргэд бол өөр болсон шүү. Ардчиллын индексээр бид ухарсаар л байна. Дахин нэг алхвал дарангуйлал руу орохоор байна. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу