АНУ-ын Төв командлал (CENTCOM)-ын дарга асан, тэтгэвэрт гарсан генерал Кеннет Маккензи өнгөрсөн Ням гарагт “Исламын улс” (ISIS) террорист бүлэглэлийн дайчид АНУ болон бусад орнуудад халдлага зохион байгуулах оролдлого хийнэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

МакКензи “ABC” телевизэд ярилцлага өгөхдөө “Афганистаны ‘Исламын улс’ бүлэглэл манай эх орон руу довтлохыг маш их хүсэж байна. Мөн бид тэдний энэ талаар хийж буй мэдэгдлүүдийг анхааралтай сонсох ёстой. Тэд халдлага үйлдэхийг оролдох болно. Аюул заналхийлэл улам бүр нэмэгдэж байна. Тэд АНУ болон бусад улс орнууд руу дайралт хийх нь тодорхой гэж би бодож байна” хэмээн хэлжээ.

CENTCOM-ын экс тэргүүн АНУ-ын зэвсэгт хүчнийг Афганистанаас гаргаснаас хойш ‘Исламын улс’ бүлэглэлийн зохион байгуулсан террорист халдлагын эрсдэл нэмэгдсээр байна гэж үзэж байгаа аж.

Генерал “Хэрвээ бид 2.5 мянган цэрэг, НАТО-гийн түншүүд 4-5 мянган цэрэг үлдээсэн бол Афганистанд ISIS-ын эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, эх орон минь халдахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Бид өөр нөхцөл байдалд, илүү аюулгүй байх байсан гэж бодож байна” гэж нэмж хэлсэн байна.

Дохад 2020 оны хоёрдугаар сарын 29-нд Ерөнхийлөгч асан Дональд Трамп тэргүүтэй АНУ-ын өмнөх засгийн газар болон талибуудын радикал хөдөлгөөн энхийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний дагуу АНУ болон түүний эвслийн холбоотнууд 14 сарын дотор Афганистанаас бүх цэргээ гаргахаа амалсан.

Талибанчууд мөн Афганистаны нутаг дэвсгэрийг америкчууд болон тэдний холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлэх үйл ажиллагаанд ашиглахгүйгээ баталгаажуулжээ.

АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд Афганистан дахь цэргийн ажиллагааг зогсоох шийдвэр гаргаснаа зарласан. Энэхүү ажиллагаа нь Америкийн түүхэн дэх, хилийн чанад дахь хамгийн урт цэргийн кампанит ажил болжээ.

АНУ анх 2001 оны аравдугаар сард ажиллагаагаа эхлүүлж, 2010-2013 онд буюу оргил үед нь Афганистан дахь барууны хүчний тоо 150 мянга давсан байна. АНУ-ын цэргүүдээ гаргах ажиллагааг 2021 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд 2014 онд АНУ болон НАТО-гийн байлдааны гол хүчнийг татан гаргажээ.

АНУ цэргээ гаргах болсноо зарласны дараа талибанчууд Афганистанд хяналтаа тогтоохын тулд өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж эхэлсэн байна. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани 2021 оны наймдугаар сарын 15-нд гадаад руу дүрвэж, талибанчууд Кабул руу ямар ч саадгүйгээр нэвтэрчээ.

АНУ-ын цэргийн албан хаагчид 2021 оны есдүгээр сарын эхээр 20 орчим жил үргэлжилсэн ажиллагаагаа өндөрлүүлж, Афганистанаас бүрмөсөн гарсан билээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу