Өглөөхөн цас бударч байсан хотод маань үд өнгөрөхөд зуны дүр төрх харагдах болов. Гудамж талбай явган хүн бүү хэл машин техник ч гатлахад бэрх нуур ус тогтлоо. Хотын тодорхой хэдэн байршилд энэ дүр зураг хавар бүр л давтагддаг. Бас зун болгон л тохиолддог. Бид ч үүндээ дасаж, удирдлага маань ч “яаж ийгээд л” даваад гардаг болж.

Нийслэлийн үерийн эрсдэлийн үнэлгээ 8.65 буюу маш их гэж үнэлэгдсэн. Үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шар усны үерээс урьтаж сэргийлэх аяныг тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд эрсдэлтэй бүсүүдэд нийт 20 аж ахуй нэгжийн 350 гаруй ажилтан ажиллаж, хальсан мөсийг зөөж ажилласан. Нийт 221 мянган тонн мөс зөөхөд 3,5 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэсний хүчээр ч эхний давалгааг хохирол багатай давах шиг боллоо. Өчигдрийн (2024.04.01) 15:00 цагийн байдлаар Геодези, усны барилга, байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны тухай 11 дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу 26 албан хаагч, 11 машин техник, хоёр помптой ажиллав. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Намгийн суваг
  • Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Дарь-эхийн зам, “Хас” захын урд
  • Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, “Өнөр хороолол”-ын арын зам
  • Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Акума” төв зэрэг байршлуудад тогтсон усыг соруулсан.

Өмнөх жилүүдэд ч эдгээр байршлуудад тогтсон усыг соруулж л байсан. Энэ жил ч соруулж л харагдана. Угтаа гэр хорооллын өндөрлөгөөс урсаж нам дор газартаа цутгадаг эдгээр байршлууд олон жилийн өмнө ч ийм л байсан. Чухам хашаа хайс багатай байсны ачаар сэлүүхэн урсаад Сэлбэ голд цутгадаг байв.

Бидний хотын удирдлага, инженерүүд нэг л гарц гаргалгаагаа олохгүй байна уу, эсвэл хийх эв ээ олохгүй байна уу. Уулын ус урсдаг гэдгийг мэдсэн хэр нь л соруулдаг машинаар соруулсаар л байдаг нь яг ямар учиртай вэ. Зуун жилийн өмнө ч соруулж л байсан, өнөөдөр ч соруулна, цаашид ч соруулсаар байна хэмээн боддог юм биш биз.

Хотын төвд харин харьцангуй “гайгүй” суваг шуудуутай болсон бөгөөд эхний удаагийн дулаарлаар лав живчхээгүй байна. Гэхдээ л өнөөх байрны орц гарч, гудамжны үзүүрт уртын харайлтын талбар хэвээрээ л байна. 

Угтаа бол хайлсан цасны ус нь ногоон байгууламжтай газраа шим тэжээл болон шингэж, зам талбайд харин суваг шуудуугаар урсан нөөцийн саванд очдог баймаар. Олон Улсад бол борооны усыг хүртэл хураагаад түүгээр нь зам талбай, бусад зүйлсээ угаадаг. Манайд харин цас орвол чиг зөөнө, бороо орвол чиг соруулна. Урсах, зайлуулах хоолой бол гэр хороололд бүр ч байхгүй.

Өвөлжин халиаг зөөсөн хэр нь ганц удаа хайлахад л Сэлбэ гол сав аа дүүрч байгаа харагдана. Бас зунжин хэл ам болж, нүүлгэнэ гэж байсан барилга нь яг л хэвээрээ урсаж буй голынхоо дэргэд сүндэрлэж байх юм. Эргээр нь эмтэрч шороо нь доош унасан хэр нь арав гаруй машин түүнд нь тулж очоод зогсчихжээ. Эрсдэл гэж чухам юу билээ. Их хотод чинь зогсоол л олдож байвал нурж буй эрэг байсан ч хамаагүй хэрэг болж таарав уу.

Өнгөрсөн зуны түр зуурын борооны улмаас хэдэн арван аж ахуй нэгж, иргэдийг хохироосон дуулиант үер ч энэ хавар тохиож мэдэх нь. Өвөлжин зөөсөн хэр нь л одоо эргээ халих шахаж байгаа гэхээр шар усны үер улам ихэсвэл юу болох вэ. Ус сувгийн хэдэн ажилтан маань давхиж ирээд л соруулах байх даа. Хаашдаа л соруулаад болчихдог хойно. Эсвэл дарга нар маань нэг, нэг хүн үүрч зөөгөөд ТҮК-ийн ажилчид шороон далан босгоно.

Нэг жилийн хугацаанд лав эрэг шахаж барьсан хорооллоо буулгаагүй байна. Чөлөөтэй жрсдаг судаг, шуудуу бариагүй байна. Бидэнд үүнээс илүү хөгжил хэдэн онд ирэх ёстой байсан бэ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу