Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсоноос хойш ХНХ-ын сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар хүлээн авсан. Тэрбээр мөн дүүргийн намын хорооны даргын ажлаа өгч, үүрэг гүйцэтгэгчээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг томилоод байгаа юм.

Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо маргааш буюу баасан гарагийн өглөө 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ. Энэ удаагийн хурлаараа дүүргийн намын хорооны даргыг сонгох, дэд даргын асуудлыг шийдвэрлэх юм байна.

Одоогоор тус дүүргийн МАН-ын хорооны даргад УИХ-ын гишүүн,  Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга  Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын нэр яригдаж байгаа. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар хэний нэрийг оруулж ирэхээс шалтгаалан тус дүүргийн МАН-ын хорооны дарга хэн болох нь шийдэгдэх юм. Өмнө нь дүүргийн намын хорооны даргад нэр дэвшүүлсэн хүнээс гадна заалнаас нэр дэвшсэн хүмүүс дүүргийн намын хорооны дарга болж байсан удаатай. Тиймээс хэн нэгэн нь заалнаас нэрээ дэвшүүлүүлэх боломж ч байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу