“Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно”

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас…

Цар тахлаас хойш дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Эл он жилүүдэд бидний мэддэг хэрнээ анзаардаггүй байсан олон асуудлууд даамжирч, “хүнд” заалтад шилжиж орхисон. Харин цар тахал намжиж, нийгэм эдийн засаг сэргэж байх үетэй зэрэгцэн хүний эрхийн байгууллагууд тэдгээр асуудлуудыг нээлттэйгээр гаргаж тавьснаар олон нийтийн хараанд орж эхэлсэн юм. Тухайлбал, хүн худалдаалах, боолчлох гэмт хэрэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасанчлан хэнийг ч боолчлох эрх хэнд ч байхгүй. Гэтэл…

-БИДНИЙ АЛДАА: Охид, эмэгтэйчүүд харийн нутагт л бэлгийн мөлжлөгт өртдөг-

Анх сонссон хэн ч “Эх орондоо байгаа юм чинь” гэж ам бардам хэлнэ. Гэтэл өнөөдөр эх орондоо хүртэл бэлгийн мөлжлөгийн хохирогч болох эрсдэлтэй цэвүүн цагт бид амьдарч байна.

2017-2022 оны эхний 5 сарын байдлаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 64 гэмт хэрэг бүртгэгдэж, 237 хүн хохирогчоор тогтоогдсон байна. Эдгээр 237 хохирогчийн 57 нь хилийн чанадад хохирсон бол үлдсэн хэсэг нь дотоодод буюу эх орондоо энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж, бэлгийн мөлжлөгт өртсөн байна. Өөрөөр хэлбэл, бидний хажууд ч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч алхаж байхыг үгүйсгэхгүй.

Охид эмэгтэйчүүдийг саун, массаж нэрийн дор биеийг нь үнэлүүлж байсан хэрэг өнгөрсөн онд шил шилээ даран гарсан. Энэ бол гэмт хэрэгтнүүдийн арга нарийсч буйг илтгэх дохио юм. Тухайлбал, 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр 14-16 насны насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ” үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг хохирогч нарыг орогнуулж байсан газраас нь дайчлан баривчилж байв. Энэ байдал нь бэлгийн мөлжлөг дотоодод ч үйлдэгдэж буйг илтгэнэ.

Энд гэмт хэрэгтнүүдийн хэрэглэж буй арга АНХААРАЛ ТАТНА. Хүнийг эрхшээлдээ оруулах зорилготой хүн худалдаачдын арга зам нь нарийсч улмаар цахим орчноос хохирогчоо ангуучлах болжээ. Тодруулж хэлбэл, тэдний арга хүнээс хүнд байв. Бусдаар дамжуулан охид бүсгүйчүүдийг холбон зуучлах, ятган сэнхрүүлэх, хууран мэхлэх замаар эрхшээлдээ оруулдаг байв. Энэ арга нь одоо ч хэвээр. Харин тэдний бусармаг үйлдлээ гүйцэлдүүлэх сонгодог арга нь цахим сүлжээ болсон аж.

-ХОХИРОГЧ: Нэг л өдөр гэр лүү маань хариулахгүй, гадагш гарч болохгүй гээд сүрдүүлж харанхуй сүлжээ барихгүй өрөөнд хорьсон-

…PC тоглоомын газарт ажилд орсон. Эхэндээ бүх зүйл хэвийн байсан. Нэг л өдөр гэр лүү маань хариулахгүй, гадагш гарч болохгүй гээд сүрдүүлж харанхуй сүлжээ барихгүй өрөөнд хорьсон. Энэ хугацаанд биеийг хүчээр үнэлүүлдэг байсан. Цагийн 10 мянган төгрөг авдаг. Надад мөнгө өгдөггүй. Өдөр, шөнө хамаагүй ажиллуулна. Намайг архи уулгадаг байсан. Болимоор байна гэхэд айлгаж сүрдүүлнэ. Нэг хүн танай доод өрөөнөөс хүн уйлаад байна гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлага өгсөн даруйд намайг газар руу шилжүүлсэн. Тэд утас болон цахим хуурамч хаяг ашиглан охидыг олдог…

/Хохирогчийн яриа/

Сүүлийн таван жилийн дотор хүн худалдаалах гэмт хэрэгт 95 насанд хүрээгүй хүүхэд өртжээ. Ингэхдээ цахим сүлжээ сонгодог арга нь болж байгааг дурдсан. Тэгвэл энэ нөхцөлд хүн худалдаалах гэмт хэрэг тэр дундаа бэлгийн мөлжлөгөөс хамгаалахад эцэг, эхийн хараа хяналт, хүүхэд багачууд мэдлэг мэдээлэлтэй байх чухал байна. Хүүхдэдээ гаргасан цаг зав, анхаарал халамж тань үр хүүхдээ хэн нэгний эрхшээлд орох улмаар аливаа төрлийн боолчлолд өртөх эрсдлээс бүрэн хамгаалж чадах “зэвсэг” болно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу