Монголбанканд өнөөдөр (2024.04.02) “Банкны хувьцаа эзэмшигчийн эрх, үүрэг” сэдэвт уулзалт боллоо. Энэхүү арга хэмжээг Төв банк, Монголын банкны холбоо, Компанийн засаглалын мэргэжлийн зөвлөл хамтран зохион байгуулав. Энэ үеэр Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Н.Батжингаас цөөн асуултад хариулт авлаа. 

-Банкууд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэр сайн ажиллаж байна вэ? Цаашид юун дээр анхаарах шаардлагатай гэж хэлэх вэ? 

-Жижиг, том гэлтгүй хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг нэгдүгээрт тавигдах ёстой. Банк хадгаламж, харилцагчдын мөнгийг татдаг. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргасан банкууд засаглалаа илүү сайжруулах хэрэгтэй.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд өнөөдрийн байдлаар тулгарч буй зөрчил маргаан бүхий том асуудал байхгүй байна. Гэхдээ өмнө нь аж ахуйн нэгжүүд дээр гарч байсан том хувьцаа эзэмшигч нар хувьцаа эзэмшигчдийн болон ТУЗ-ийн хурлаараа үгсэн хуйвалдаж, өөрсдөдөө давуу эрх бий болгож, түүнийгээ ашиглан жижиг хувьцаа эзэмшигч нараа хохироодог байдлыг давтахгүй байх нь чухал юм.

Компаниуд алдагдалтай шийдвэр гаргадаг. Ногдол ашгаа тараах боломжтой байхад хуваарилахгүй байх, хөрөнгө оруулахын оронд хөрөнгөө хувааж авдаг зэрэг байдал гарч байсан. Энэ бүхэн засаглалын алдаатай бодлоготой холбоотой гарч байсан байх. Тиймээс өнөөдөр Компанийн засаглалын талаар мэргэжилтнүүд банкны төлөөлөлд зөвлөсөн. Банкууд дээр дээрх байдал харьцангуй гайгүй, байхгүй байна.

-Жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаагаа эргэлтэд оруулахад тулгарч буй ямар бэрхшээл байна вэ?

-Жижиг, том гэлтгүй хувьцаа эзэмшигчдийн хувьд өнөөдөр оруулсан мөнгө, хувьцаагаа яаж эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал тулгарч байна. Манай зах зээл жижиг, багтаамж бага учир хувьцаа худалдан авах, дотоодоосоо хөрөнгө оруулах чадвар тааруу. Уг нь хөрөнгө оруулах, хувьцаагаа эргэлдүүлэх сонирхол байна. Тиймээс энд хөрөнгө оруулагчдын идэвхийг сайжруулах зохицуулалт дутагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт үгүйлэгдэж буй талаар өнөөдөр хөндөн ярилцлаа.

-Жижиг хувьцаа эзэмшигчид мэдээлэлгүйн улмаас хохирч байна. Банкууд IPO хийснээр бүх зүйл олон нийтэд ил тод, нээлттэй байх зарчимтай. Энд юуны улмаас мэдээлэл дутагдаж байна вэ?

-Мэдээллийн ил тод байдал дээр тийм том асуудал байхгүй ч гэсэн зөрүүтэй ойлголт гарч байна. Зарим хувьцаат компани мэдээллээ хүртээмжтэй хүргэхгүй байна. Хоёр компани өрсөлдлөө гэхэд мэдээлэл сайн түгээсэн нь ялж, мэдээллийн зөрүүтэй байдлын ялгаа гарч ирдэг. Тиймээс мэдээлэл тэгш байх ёстой.

Нөгөө талаар хувьцаа эзэмшигч хэн ч бай мэдээлэл авах бүрэн эрхтэй. Шаардаж авах ч эрхтэй. Харин компани мэдээллээ өгөх үүрэгтэй. Ингэхдээ мэдлэг, мэдээллийн ойлгомжгүй байдлаас болоод хувьцаа эзэмшигч нарт, тэдэнд хэрэг болгохгүй дотоод мэдээллээ өгдөг бас буруу хандлага гаргахыг үгүйсгэхгүй.

Энд юуны өмнө жижиг хувьцаа эзэмшигчдийг хувьцаа эзэмшигчдийн хуралдаа суухыг зөвлөж байна. Сууснаар илүү их мэдээлэлтэй болно. Эрх, үүргээ мэддэг, хэрэгжүүлдэг болно. Ийм давуу талуудтай. Хуралдаа суухгүй байж эрх ашиг яриад, шаардаад байвал бас учир дутагдалтай. Энэ нь бас нөгөө талаар мэдээллийн дутмаг байдалтай холбоотой юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу