Дэлхийн банк шинэ тайландаа Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удаашрах төлөв ажиглагдаж, удаан хугацаанд өндөр хадгалагдаж буй бодлогын хүү, улам хурцдаж буй геополитикийн зөрчил тус бүс нутгийн төлөвт сөргөөр нөлөөлж буйг онцолжээ.

Тус банкны хагас жил тутмын тайланд Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2024 онд 4.5 хувь, 2025 онд 4.3 хувьтай гарна гэж тооцоолж, өмнө нь 5 хувиар өснө гэж төсөөлснөө бууруулсан байна. Тус бүсийн дийлэнх орнууд өсөлтөөрөө дэлхийн бусад орнуудаас давахаар байгаа ч цар тахлын өмнөх үетэй харьцуулбал хурд нь удаан хэвээр буй юм.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын удаашрал өсөлтийг хойш чангаах гол хүчин зүйлсийн нэг болохоор байгаа аж. Дэлхийн банк тус улсын эдийн засаг энэ онд 4.5 хувь, ирэх онд 4.3 хувиар тэлнэ гэж үзжээ. Тус банк шинэ тайландаа “БНХАУ өсөлтийн илүү тэнцвэртэй замнал руу шилжихээр зорьж байгаа ч эрэлтийг өдөөх альтернатив хүчин зүйл олоход хэцүү нь харагдаж байна” гэж дурдсан байна.

БНХАУ-д зөвхөн уламжлалт төсвийн дэмжлэг хангалтгүй бөгөөд илүү хүчирхэг нийгмийн хамгаалал, татварын шаталсан тогтолцоо, мөн төсвийн зарцуулалтыг дэд бүтцээс хүн капитал руу шилжүүлэх нь иргэдийн хэрэглээг сэргээхэд дэм болно гэж үзжээ.

Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2023 онд түүхэн дээд хэмжээнд хүрсэн нүүрсний экспортын ачаар 7.1 хувиар өссөн. Дэлхийн банк “Өсөлтийн бат бөх суурь” тайландаа энэ онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувь болж саарах бол ирэх онд эргэн эрчээ авч 6.6 хувиар өснө гэж Дэлхийн банк тайландаа дурджээ.

Дэлхийн банк 2024 оны өсөлт 5.1 хувь байна гэсэн өнгөрсөн оны төсөөллөө ийнхүү бууруулахад БНХАУ-ын удаашралаас гадна түүхий эдийн өндөр хамаарал, төгрөгийн худалдан авах чадвар зэрэг нөлөөлсөн байна.

Үүнээс гадна өрийн дарамт өсөлтийг сааруулах дотоод хүчин зүйлсийн нэг байхыг анхааруулжээ. Тус банк тайландаа улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх харьцаа ялангуяа Лаос, Монгол, Папуа Шинэ Гвиней улсад хэт өндөр байгааг дурдсан байна. Иймд “Хэрэв бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаж, инфляцыг хазаарлахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарвал дээрх харьцаа өмнөхөөсөө илүү эрчтэй нэмэгдэх эрсдэлтэй” гэж анхааруулжээ.

Учир нь бодлогын хүү өндөр байснаар зээлийн хүүд төлөх дүн нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өрийн хуримтлалын нөлөөг багасгах хэмжээнд хүрэхгүй байх магадлал бий гэжээ. Мөн урт хугацаатай өрийн үйлчилгээ нь цаашид Монгол Улсын гадаад санхүүжилтийн гол хэрэгцээ болж, улмаар урсгал дансны алдагдал нөхөх, өрийн дахин санхүүжүүлэлт хийхэд хүндрэл учруулж болохыг дурдсан байна.

Эх сурвалж: WORLD BANK
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу