ОХУ-ын Красногорскт террорист халдлага үйлдэгдэхээс хоёр долоо хоног гаруйн өмнө АНУ-ын эрх баригчид “Крокус Сити Холл” халдлагад өртөж болзошгүй гэж Оросын талд мэдэгдсэн” хэмээн Америкийн нэрээ нууцалсан албаны хүмүүсийн мэдээллээс иш татан “Вашингтон Пост” мэдээлжээ.

Тус сонинд “Москвагийн захын нэгэн дүүрэгт цуст террорист халдлага болохоос хоёр долоо хоног гаруйн өмнө АНУ-ын эрх баригчид Оросын албаныханд алдартай “Крокус Сити Холл” концертын танхим “зорилтот бай” болж буй талаар мэдэгдсэн” гэж бичсэн байна.

Оросын Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкин өнгөрсөн Мягмар гарагт “Крокус”-т террорист халдлага үйлдэгдэж болзошгүй талаар АНУ-аас тодорхой боловч хэтэрхий ерөнхий мэдээлэл авсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, дамжуулсан мэдээлэл нь тус хэргийг үйлдэхээр бэлтгэж байсан хүмүүсийг илрүүлэхэд хангалтгүй байсан аж.

Оросын Холбооны аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников мөн “Гуравдугаар сарын эхээр ОХУ-д террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээлэл нь хэтэрхий ерөнхий байсан” гэж мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өмнө нь “АНУ гуравдугаар сарын 7-ны өглөө Оросын тагнуулын байгууллагуудад удахгүй болох террорист халдлагын талаар бичгээр мэдээлэл өгсөн” гэж мэдэгдсэн байна.

Америкийн тагнуулын алба эх сурвалжаа илчлэхээс болгоомжилж, “Крокус Сити Холл”-д террорист халдлага үйлдэж болзошгүй аюулын талаарх бүх мэдээллийг орос нөхдөдөө дамжуулаагүй гэж “Нью-Йорк Таймс” сонин Европ, Америкийн аюулгүй байдлын албаны албан тушаалтнуудын мэдээллээс иш татан мэдэгджээ.

“Крокус Сити Холл”-д болсон террорист халдлага

ОХУ-ын Красногорскийн “Крокус Сити Холл” концертын танхимд гуравдугаар сарын 22-ны орой буун дуу гарч, гал гарсан. Хэд хэдэн хүн барилга руу дайран орж, хүмүүсийг алсаас буудаж, шатдаг бөмбөг шидсэн. Оросын Эрүүл мэндийн яамны тэргүүн Михаил Мурашкогийн хамгийн сүүлд өгсөн мэдээллээр халдлагын улмаас нийт 144 хүн нас баржээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу