”Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ан Лушэн нар гарын үсэг зурав.

Тус хэлэлцээр байгуулагдсанаар 10 гаруй жил хүлээгдэж байсан Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг барих, бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрджээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэхийг даалгасан.

Тус ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” компанийн дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс өнгөрсөн нэгдүгээр саррд БНХАУ-ын Бээжин хотноо хуралдсан.

Энэхүү хуралдаанаар Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны дөрөвдүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар санал солилцсон юм.

Мөн хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллах талаар ярилцаж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу