Тайванийн зүүн эргийн бүсэд өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 7:58 цагт 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэхүү газар хөдлөлтийн улмаас нэг хүн амиа алдаад байгаа талаар CNN агентлаг мэдээлэв.

NFA “Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэн Хуалиен мужид явган аялал хийж явсан. Албаныхан газар хөдлөлттэй холбоотой нэмэлт мэдээлэл цуглуулсаар байна” гэж мэдээлжээ.

Тайванийн оршин суугчдын олон нийтийн сүлжээнд байршуулсан болон CNN-ийн газарзүйн байршлыг тодорхойлсон видео бичлэгүүд Лхагва гаригийн үүрээр арлыг доргиосон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас учирсан зарим хохирлыг харуулжээ.

Газар хөдлөлтийн голомттой ойролцоо, зүүн хэсэгт орших Хуалиень мужид хэд хэдэн барилга нурж, оршин суугчид дарагдсан хүмүүсийг гаргах ажилд тусалж буйг олон нийтийн сүлжээгээр харуулсан байна.

Замын уулзвар дээр скутер, мотоцикль унасан зорчигчид олон давхар улаан байшин хажуу тийш хазайж байгааг харж буй видео бичлэгийг ч үзүүлжээ. Хуалиениас авсан өөр нэгэн видео бичлэгт хөрсний гулгалт болж, ойр орчмын барилга байшингуудыг дайрч буйг харуулсан байна.

Арлын хойд хэсэгт орших нийслэл Тайбэй хотод метро хүчтэй чичирч, зорчигчид бариулаас нь чанга гэгч атгаж байгаа нь видео бичлэгт бичигджээ.

Газар хөдлөлтийн голомт Хуалянь хотоос зүүн өмнө зүгт 25 км-ийн зайтай Номхон далайд, 15.5 км-ийн гүнд байсан гэж газар хөдлөлт судлаачид мэдээлсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа 20 гаруй удаагийн чичирхийлэл бүртгэгджээ.

Чичирхийллийн улмаас тус хотод хэд хэдэн барилгад цууралт үүссэн бөгөөд одоогийн байдлаар гэмтэж бэртсэн хүний тоог албан ёсоор зарлаагүй байгаа аж. Чип үйлдвэрлэгч “TSMC” компани үйлдвэрийн зарим ажилтнуудаа нүүлгэн шилжүүлжээ.

Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэн өөрийн фэйсбүүк хуудастаа “шаардлагатай тусламжийг үзүүлж, гамшгийн нөлөөллийг багасгахын тулд орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллахыг” холбогдох албаныханд даалгасан талаараа мэдээлсэн байна.

Тайванийн цаг уурын төвөөс энэ удаагийн газар хөдлөлт 25 жилийн өмнө 2000 гаруй хүний аминд хүрсэн “921” газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болж буй талаар мэдээлжээ.

Эх сурвалж: CNN, TASS, TVBS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу