Урин дулаан цаг наашилж, охид, бүсгүйчүүдийн жингээ хасах хүсэл нь нэмэгдэж байна. Үүнийг ашиглан цөөн хоногт олон кг жин хасах цахим хөтөлбөрүүд эрчээ авчээ. Ингэхдээ давстай цэвэрлэгээ гэх зүйлийг ашиглан гэдсийг нь цэвэрлэж, суулгуулж байна. Гэвч давстай цэвэрлэгээ нь хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц сөрөг нөлөөтэй аж. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн албаны хоол зүйч Э.Санчиртай ярилцлаа. 

-Та өөрийн цахим хуудсаараа дамжуулан давстай цэвэрлэгээний талаар хөндсөн. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу. Давстай цэвэрлэгээ гэж яг юу вэ?

-Давс нь натри болон хлор гэсэн хоёр гол эрдсээс тогтдог. Байгалийн ямар давс байхаас шалтгаалаад бусад төрлийн эрдсүүд маш бага хэмжээгээр агуулагддаг юм. Давстай ус уувал гэдэс гүйлгэх нь тодорхой. Яг ямар давс уух нь төдийлөн ач холбогдол, ялгаа байхгүй. Дэлгүүрээс худалдаж авсан давс, хулсны давс ч бай бүгд адилхан үйлчилгээтэй.

Гүйлгэлтийн маш олон төрөл бий. Тухайлбал, халдвараас шалтгаалсан, осмосын суулгалт гэх мэт. Осмос даралтын зөрүүгээр бидний бие давстай усыг шингээж чаддаггүй. Энэ нь зарим тохиолдолд суулгалтаар илэрдэг.

Осмосын суулгалт нь яаж явагддаг вэ гэхээр, хүн их хэмжээний давстай ус уувал тэр нь осмос даралт маш өндөртэй учраас нарийн болон бүдүүн гэдсээр шимэгдэх боломжгүй. Тийм учраас давсанд агуулагдаж буй натри маш их хэмжээний усыг өөртөө татдаг. Ингээд биед байгаа усыг гэдэс рүү татсанаар суулгаж байгаа юм. 

-Ингэж суулгасны хор уршиг нь юу вэ. Хүний биед ямар нөлөө үзүүлэх бол?

-Хүний дархлааны системийн 70 хувийг гэдэс бүрдүүлдэг. Гэдэсний ханаар ашигтай бактериуд маш их бий. Гүйлгэхээр тэр ашигтай бактериа гадагшлуулчихдаг. Тухайлбал, “Venus Yoga Studio” гээд газар байна. Багшийнх нь зөвлөгөөг харахад, хулсны давс гэх зүйлийг худалдаалж, хүмүүсээр давстай цэвэрлэгээ хийлгэдэг юм билээ. Өдөр бүр, эсхүл өнжөөд нэг хийлгэж байгаа юм. Үүнээс нь болж хямарсан, өвдсөн хүмүүс манайд их хандаж байна. 

Тэндэхийн багш хулсны давсаа шүлтлэг чанартай гэж хэлж байна лээ. Шүлтлэг чанартай зүйл уугаад, нян бактерийн эсрэг үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй. Харин ч бидний биед ходоодны хүчил, цөсний хүчил гэх зүйлс байдаг тулдаа бактерийн эсрэг үйлчилдэг юм. Тиймээс шүлтлэг зүйл хэрэглэх нь гэдэсний эрүүл мэндийг хадгалдаг гэж ойлгож болохгүй.

Мөн хулсны давс нь 70-аад төрлийн эрдэстэй гэсэн байна. Тэр 70 төрлийн эрдэс нь хүний хоногийн хэрэглээний нэг хувийг ч хангаж чадахгүй. Түүний оронд нэг ширхэг чихэр идвэл илүү их эрдэс авна. 

-Танаас зөвлөгөө авахаар, ийм шинж тэмдэгтэй хүн хэр олон ирсэн бэ?

-Олон ирсэн. Хүмүүс “Намайг хоёр өнжөөд нэг удаа давстай цэвэрлэгээ хийж, гэдсээ угаагаарай гэж хэлсэн юм. Удаан хугацаанд ингэж явж байна” гээд ирдэг. Тэгэхээр нь би нөгөө хүнээс “Өдөр ирэх тусам таны харшлын тоо нэмэгдэж байна уу” гэж асуудаг юм. Хамгийн гол илэрдэг шинж тэмдэг нь тэр л дээ.

-Яагаад харшлын тоо нь нэмэгддэг юм бол?

-Хүний биед нарийн гэдэсний салст давхарга үүсчихсэн байдаг. Тэр давхарга нь цус руу шимэгдэн орж буй шимт бодисуудыг хорт бодисуудаас хамгаалдаг. Гэвч туулгаж, гүйлгэсний улмаас тэр салст давхарга нимгэрдэг. Ингэснээр нарийн гэдэсний бүтэц алдагдаж эхэлнэ. Улмаар “Leaky gut” буюу нэвчимхий гэдэсний хам шинж үүсдэг.

Өөрөөр хэлбэл, биед хэрэггүй зүйлсээ цус руугаа авдаг болно. Бидний биед байгаа хор ялгаруулдаг бактериудын хорыг хүртэл цус руугаа авч эхэлнэ. Үүнээс болж янз бүрийн төрлийн харшилтай болдог. Цаашлаад маш олон асуудал үүснэ. Наад зах нь гэхэд энэ хүмүүс хэзээ ч турахгүй. 

-Яагаад?

-Ийм арга хэрэглэж байгаа хүмүүст хэлэхэд, та бүхэн турахгүй болтлоо таргална шүү. Дийлэнх хүмүүсийн турах явц зогсдог. Яаж ч хоолоо сойгоод турахаа болино. Богино хугацаанд жингээ хасах зорилготой хүмүүс давстай цэвэрлэгээ хийхийн хажуугаар хоолоо сойдог. Ингэхдээ өдөрт идэх зохистой хэмжээнээс хэт бага калори авах дэглэм барьдаг. Ингэж хоолоо сойж байгаад буцаад хэвийн хэмжээгээр идэхээр өөхний эсүүд тоогоо нэмдэг.

Тэр өөхний эсүүд буцаж алга болдоггүй. 19 байсан бол 20 болно. 20 нь хэзээ ч буцаж 19 болохгүй. Жижигрэх л боломжтой. Өөхний эс томорч, жижгэрдгээс биш, тоо нь цөөрдөггүй юм. Ингээд тэр хүмүүс хэзээ ч буцаж турахгүй болно. 

Хамгийн том аюул нь гэдэсний алдагдсан орчныг буцааж хэвийн болгох, нарийн гэдэсний нэвчимхий чанарыг хэвийнээр нь хадгалахад хэдий хугацаа шаардлагатайг хэлж чадахгүй. Насан туршдаа эдгэрэхгүй ч байх эрсдэлтэй. Гэдэсний хэвийн орчноо алдагдуулсан хүмүүс эхний ээлжид жиндээ анхаарахгүйгээр эрүүл, тэнцвэртэй хооллох хэрэгтэй. 

-Гэдэсний цэвэрлэгээ хийгээд, жингээ бодитоор хасах боломжтой юу?

-Жин хасах гэдгийг хүмүүс зөвхөн биеийн жингээр бодоод байгаа юм. Уг нь өөхний хэмжээ ярих ёстой. Таргалалт гэдэг өөхний хэмжээ нэмэгдсэнийх шүү дээ. Гэтэл суулгаад байвал биеийн ус их хэмжээгээр гэдэс рүү татагдаж, шингэн л гадагшилна. Бие маш их хэмжээгээр шингэнээ алдана. 

Хүний биеийн 70 хувь ус. 50 кг жинтэй хүн байлаа гэхэд 35 кг нь ус гэсэн үг. Тэр усыг маш их хэмжээгээр гэдэс рүү татаад, таны биеэс гадагшлуулж байгаа юм. Ийм аргаар 50 кг жинтэй хүнийг 45 кг болгоход ядах юмгүй. Ганц, хоёр хоног л шаардлагатай. Гэвч өөхний хэмжээнээс төдийлөн хасагдахгүй. Ус, булчин их хасагдаж, өөх маш бага хэмжээгээр хасагдана. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу