Төв банк өчигдөр (2024.04.03) сар тутмын хэвлэлийн хурлаа хийж, 2024 оны хоёрдугаар сарын байдлаар мөнгө санхүүгийн болон төлбөрийн тэнцлийн мэдээллийг танилцуулав.

Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгон бууруулжээ. Учир нь хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй зудын эрсдэл 2024 оны эдийн засгийн таамгаа эргэн харахад хүргэсэн байна. Цаашид ч эдийн засгийн өсөлт буурах эрсдэлтэйг онцлов.

Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Мөнгөний бодлогын хороо дээрх нөлөөллийг тооцож, гуравдугаар сарын хурлаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулсан. Цалингийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляц нэмэгдэхэд нөлөөлнө.

Төрийн байгууллагын цалингийн өсөлтийн нөлөөг өнгөрсөн долдугаар сараас хойш ажиглаж байна. Үүний үзүүлэх нөлөө хувийн байгууллагын цалингийн өсөлттэй харьцуулахад бага юм. Иймд шинэчилсэн тооцооллоор цалингийн өсөлт, мөнгө тараалт дотоод эрэлт, инфляцыг нэмэхэд нөлөөлнө.

Гэхдээ гадаад валютын орох урсгал их, экспорт сайн байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой, чанга байлгах нөхцлийг бүрдүүлж байна. Инфляц оны сүүлийн хагаст бага зэрэг нэмэгдэх ч ирэх онд зорилтот түвшинд очно. Цалингийн өсөлт, мөнгө тараахтай холбоотой нөлөөг саармагжуулахын тулд Монголбанк бодлогын арга хэмжээ авч байна” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу