Нэр бүхий аймагт цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан. Эл хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга Н.Мишигдорж “Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газар бол хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг нэгж. Бид цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэргийг өөрсдийн дотоод хяналт, шалгалтаараа илрүүлсэн.

Улмаар холбогдох албаны шалгалтыг явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харъяаллын дагуу шилжүүлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 

Нэр бүхий дөрвөн алба хаагчийн албан үүргийг түр түдгэлзүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллээс харахад, цагдаагийн байгууллага алба хаагчдаа үнэнч шударгаар шалгаж, хариуцлага тооцож чадах уу гэх утгатай мэдээллүүд гарсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдүүдэд ялыг шударгаар оногдуулах. Гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх” гэдэг зарчим бий. Бид энэ зарчмаа баримталж ажиллана. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд тэднийг өмгөөлж, хамгаалахгүй” хэмээлээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу