Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 7.7 их наяд төгрөгийн зээлийг 122 мянган өрхөд олгожээ.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам болон Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгаа аж. Банкууд энэ онд 6400 мянган өрхөөс 802.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт хүлээн авчээ. Үүнээс 166.2 тэрбум төгрөгийн 1500 мянган өрхийн хүсэлтийг хангахаас тодорхой шалтгааны улмаас татгалзсан байна.

Оны эхний гурван сарын байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2000 өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 148.6 тэрбум төгрөгийг 1200 мянган өрхөд, орон нутагт 81.4 тэрбум төгрөгийг 800 өрхөд олгосон байна.

“ЗЭЭЛДЭГЧДИЙН 42 ХУВЬ НЬ ОРОН НУТАГТ, ҮЛДСЭН НЬ
УЛААНБААТАР ХОТОД БАЙНА”

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.ЭНХЖИН:

-2013 оноос хойш хэрэгжиж буй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын ипотекийн корпораци банкуудаас 6, 8 хувийн хүүтэй зээлүүдийг багцалж худалдаж аваад, үнэт цаасжуулж, эргүүлээд зээл олгосон банканд шилжүүлдэг. Үнэт цаас гаргах процесс тодорхой цаг хугацаа шаарддаг. Монголын ипотекийн корпораци зээлүүдийг нэлээн өндөр шалгуураар шалгаж авдаг учраас хоцрогдолтой явдаг.

МИК энэ онд нийт 500 орчим тэрбум төгрөгийн зээлийг багцлан үнэт цаасжуулна гэсэн төлөвлөгөөтэй, энэ хүрээндээ ажиллаж байна. Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 225 тэрбум төгрөгийн зээлийг 1950 орчим зээлдэгчид олгосон байна. Зээлдэгчдийн тоогоор аваад үзвэл, зээлдэгчдийн 42 хувь нь орон нутагт, үлдсэн нь Улаанбаатар хотод бий.

Монголбанкны хувьд энэ оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасны дагуу орон нутаг болон Улаанбаатар хотод ипотекийн зээлийн эх үүсвэрийг Монголын ипотекийн корпорациас гаргасан үнэт цаасны эргэн төлөлтөөр буцаагаад санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Арилжааны банкуудаас 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гарна гэсэн хүлээлттэй байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу