Тайванийн зүүн хэсэгт болсон 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн хүний ​​тоо 1000 давжээ. Өнөөдрийн байдлаар байгалийн энэхүү гамшигт өртөн, амиа алдсан хүний тоо ес хэвээр байгаа бөгөөд зочид буудал руу явж байсан, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн олон арван ажилчин эсэн мэнд олдсон байна.

Сүүлийн 25 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй хүчтэй газар хөдлөлт өнгөрсөн Лхагва гаргийн өглөө хүмүүсийг ажил, сургуульдаа явахаар бэлдэж байх үед болсон бөгөөд голдуу хөдөө тосгон, хүн ам сийрэг суурьшсан зүүн хэсгийн Хуалянь мужийг хамарчээ.

Тус улсын нийслэл Тайбэй хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн ч байшин барилгуудад эвдрэл гэмтэл харьцангуй бага учирсан байна.

Тайванийн Гал түймрийн албанаас мэдээлснээр, бэртэж гэмтсэн хүний ​​тоо 1050-д, сураггүй алга болсон хүний тоо 52-т тус тус хүрчээ. Тароко үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн амралтын газар луу явж байсан, зочид буудлын 50 орчим ажилчны 20 орчим нь эсэн мэнд олдсон байна.

Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, тэдгээр ажилчдыг Хуалянь хотыг Тайванийн баруун эрэгтэй холбосон хавцлыг дайран өнгөрдөг, арал дамнасан хурдны зам дээр явж байхад нь олсон байна. Тус газар нь жуулчдын очих дуртай газар ажээ. Мөн өөр баг болон явсан 26 ажилчин олдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Тайванийн Гал түймэртэй тэмцэх газраас Пүрэв гаргийн өглөө уул уурхайн бүсэд “гацсан” зургаан хүнийг нисдэг тэргээр аварсан талаар мэдээлжээ.

Хуалянь хот чиглэлийн төмөр замын шугамыг Пүрэв гарагт хуваарийн дагуу дахин нээсэн аж. Төмөр замын захиргаанаас тус хотын хойд хэсэг дэх хөдөөгийн нэг өртөө газар хөдлөлтийн улмаас эвдэрсэн тул хаагдсан хэвээр байгаа талаар мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу