Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд зам дээр өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгалийн шингэрүүлсэн хий (газ) ачиж явсан ачааны автомашин осолдож, дэлбэрэлт болсон.

Тухайн дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдаж, олон айл өрхөд эд материалын хохирол учирсан билээ. Энэ харамсалтай хэрэгтэй холбоотойгоор хэд хэдэн чиглэлээр Ажлын хэсэг байгуулагдаж, хяналт шалгалтын ажиллагаа зохион байгуулжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-наас “Дашваанжил” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн шалгалтын дүнг танилцуулав.

“ДАШВААНЖИЛ” ХХК АЖИЛТНЫ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ 36, ТҮҮНЭЭС ДЭЭШ САРЫН ДУНДАЖ ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨӨР ДААТГУУЛААГҮЙ БАЙНА

ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.НАРАНГАРАВ:

-Сүүлийн таван жилийн хугацаанд “Дашваанжил” ХХК-д хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийгдээгүй нь тогтоогдсон. Хяналт шалгалтын явцад дараах зөрчил илэрсэн. Хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам болон хөдөлмөрийн норм баталж, мөрдүүлээгүй зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой багагүй зөрчил илрээд буй.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалтай холбоотой зөрчил гарсан. Тухайлбал, 518 ажилтантай томоохон байгууллага хэр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бүтэц тогтолцоо, ажилтангүй байгаа юм. Хуулийн дагуу эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр заавал энэ чиглэлийн ажилтан байх ёстой гэж үздэг.

Түүнчлэн зайлшгүй ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх ёстой байдаг. Тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ямар эрсдэл байна вэ, жолоочийг ажилд явуулахад ямар эрсдэл учирч болохыг урьдчилан тооцоолж, эрсдэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг төлөвлөж, эрсдэлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай.

Гэвч “Дашваанжил” компани ажил олгогчийн уг үүргээ биелүүлээгүй. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар эрсдэлтэй ажлын байранд ажиллаж буй ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгөөр заавал даатгуулах ёстой байдаг. Уг даатгалыг “Дашваанжил” ХХК хийлгээгүй нь тогтоогдсон.

Мөн ажлын байрны нөхцөлийг үнэлгээг хийлгээгүй зөрчил илэрсэн. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн харилцаатай холбоотой зөрчилд тодорхой торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу